Monday, May 10, 2010

Премьер лиг

Премьер лигийн сүүлийн тойргийн тоглолтууд өчигдөр явагдаж дууслаа. Үнэндээ ихийг амлаж өрнөсөн сайхан улирал сүүлийн тоглолт хүртэл түгшүүртэй явагдаж өнгөрөв. Түгшүүртэй гэдэг нь хэрвээ манайх хожигдоод Тоттенхам хожих юм бол тэд 3-т бид 4-т орж болзошгүй нөхцөл үүсээд байсных.

Аз болж манайх ажлаа сайн хийж Тоттенхамын үр дүнгээс санаа зовох шаардлагагүй болгосон. Барселона багтай хийсэн аваргуудын лигийн тоглолт бидний санаж байснаас илүү гүн нөлөө үзүүлсэн байсан бололтой. Тэртэй тэргүй ясандаа тултал турсан гэдэг шиг хамаг хүмүүс нь гэмтсэн байсан баг маань сэтгэлээр унаснаасаа болж сүүлийн хэдэн тоглолтын боломжит 12 онооноос ердөө ганцыг авч чадсан нь маш чамлалттай.

Өчигдөр орой Челсийг аварга авч байгаа, цомоо өргөөд баярлалдаж байгаа дүр зургийг хараад хичнээн атаархав. Үнэндээ энэ жил манайхыг ямар их гэмтэл бэртэл хойш нь чангаав. Ван Перси, Йохан Журу, Чэск Фабрегас, Виллиам Галлас, Самир Насри, Никлас Бэнтднэр, Карлос Вела, Эдуардо Да Сильва, Аарон Рамси, Денилсон Нэвэс, Александр Сонг, Абу Диаби, Томас Росицки, Тео Валкотт, Гаэл Клиши, Киэран Гиббс, Мануэл Алмуниа, Вуукаш Фабиански, Бакари Санья, Томас Вэрмаэлэн гээд улирлын аль нэг үед богино болон урт хугацааны бэртэлтэй өнжсөн хүмүүсийг жагсаавал үнэхээр аймаар харагдана. Гэмтэл бэртэл нөлөөлөөд манайх ингэж муу тоглосон гэж өөртөө тайлбарлаж байсан ч өчигдөр яг харсан чинь өөрөө мэдэлгүй нэлээн урам хугарсан байсан бололтой. Их л гомдолтой санагдсан гэх юм уу?

Гэмтэл бэртэлд нэрвэгдээгүй баг цөөхөн ч гэсэн манайхыг арай илүү хэлмэгдсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Жишээ нь, Рүүнийгүй МанЮ хэр байсан билээ? Дрогбагүй Челсиб ас л эвгүй? Харин Ван Персиг улирлын ихэнх хагас өнгөртөл алдсан Арсенал бас ч гэж аюултай өрсөлдөгч байсаар ирсэн. ДАШТ эхлэхээс өмнө хэрэгтэй хэдэн хүн авч хүчээ зузаатгаж байгаад 8 дугаар сараас эхлээд балбаад балбаад явчихна даа.

Дэлхийн аваргатай жил Аваргуудын лигт урьдчилсан тоглолт хийлгүйгээр шууд хэсгийн тоглолтуудыг эхэлнэ гэдэг чинь бас ч гэж авууштай зүйл. Тоглогч нар маань арай удаан амарна гэсэн үг. За хүүхдүүд ээ сонин дээр байгаа цуу яриануудад бага итгээрэй. Яагаа ч гүй дэмий юманд итгээд урам хугарч байснаас албан ёсны сайт дээрээс зураг хөрөгтэй нь харж баярлаж байсан нь дээр болов уу.

Wednesday, May 05, 2010

Өнөөдрийн блог

Хэд хоногийн өмнө би блогоо бага зэрэг тордов. Жоохон замбараагүй байсан юмыг цэгцэлж сэдвийн дагуу шошго зүүж тавих зэргээр нэг хэсэг л юм боллоо. Тэгээд янзалж байх зуураа харсан чинь би зургаа дахь жилдээ блог хөтөлж байгаа хүн байна аа. Тэгэхдээ их цөөхөн блог бичсэн байна. Хамгийн идэвхитэй жилдээ 16 ширхэгийг бичсэн байх юм. Хангалтгүй л юм даа. Жилд 365 хоног байхад 349-д нь юм болоогүй юм уу хаашаа юм.

Ингээд өнөөдрөөс эхлээд болж өгвөл өдөр бүр юм бичиж байхаар шийдлээ. Болсон болоогүй янз бүрийн юм бичнэ ээ.

Monday, May 03, 2010

Арсеналын тухай

Улирлын сүүлийн тоглолтууд аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр тохиож байгаа нь аль нэг багийн фэнүүд ялалтын баярыг тэмдэглэхэд бас сайхан шалтаг болох байх аа. Улирал дуусахад бас нэг улирал эхэлдэг. Энэ бол солилцоо наймааны улирал юм. Сонин хэвлэлүүдийн спортын булан хариуцсан сэтгүүлчид байж болох бүх наймааг ургуулан бодож тэр багийн тэрнийг тэр багийнхан тэдэн саяар авах тухай гэрээ хэлцэл хийж байгаа тухай бичиж сониныхоо борлуулалтыг өсгөнө. Тэр сонинг нь худалдаж авсан тэр багийн фэн зайлуул хоосон горьдлого тээж зуныг үдээд наймаа хийгдээгүй тухай мэдээг есөн сарын нэгний өглөө мэдээд хагартлаа уурлаж менежерээ огцроосой гэж хараана.

Ийм улирал болгонд франц үндэстэй болон хэлтэй бүхий л тоглогч нар Арсеналд ирэх гэж байгаа мэтээр яригддаг. Хьюго Ллорис гэдэг франц хаалгачийг манайх авах гэж байгаа юм байх аа. Шалтгаан нь тодорхой манай нэг болон хоёр дугаарын хаалгач нар хангалттай биш. Тэгээд ч Ллорис бол францын шигшээгийн хаалгач.

Барсагийн эсрэг Мануэль Алмуниагийн тоглолт ямар байсныг бүгд харсан. Эхний тоглолтын эхний хорин хэдэн минутыг л хэлж байна. Гайхамшигтай хаалтуудыг хийж Барсаг зогсоож байсан. Одоо мань хүнийг явуулах тухай бүгд ярьж байна. Магадгүй явуулж ч болох юм. Яагаад гэвэл Вэнгэр нэгэн цагт Леманныг гэмтэлтэй гэж суулгаж байсан шигээ Алмуниаг суулгаж, Алмуниагийг адил Фабианскийг гаргах болсон. Фабиански нь ч хөөрхий бас нэлээн том том алдаа хийгээд амжсан гэж байгаа. Портогийн талбай дээр хийсэн эхний тоглолтын үед гэнэхэн гэмээр алдаа хийж гоол бэлэглэсэн. Сүүлд төрсөн өдрөөрөө цохиод гаргачих бөмбөгийг барих гэж байх хүний толгой дээр цохиж өөрийн хаалганд гоол алдсан. Фабианскийн хувьд би түүнд боломж олгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэд хэдэн тоглолт дараалаад амжилттай тоглочих юм бол цаашаагаа өөрөө сайжраад л явчихна. Угаасаа хаалгачийн байрлал хамгийн хэцүү байрлал. Өөртөө итгэх итгэл хамгийн чухал хүчин зүйл болдог.

Арсэн Вэнгэр энэ улиралд 3-4 тоглогч авч магадгүй тухай цуу яваад эхэлчихэж. Мэдээж Силвэстрийг үлдэнэ гэж хэн ч тооцоолохгүй байгаа дээр нь Галласыг явлаа гэж тооцоход ядаж л хоёр хамгаалагч ирэх нь тодорхой шахуу байгаа юм байна. Харин довтолгооны хэсэгт Маруайн Шамах гэдэг нэр нэлээн өндөр хувьтай магадлалтай сонсогдоод байгаа. Мань эр ирлээ гэхэд Эдуардогийн байр хэцүүдлээ гэж ярьж байгаа. Гэхдээ өнгөрч буй болон өнгөрсөн улирлуудыг харах юм бол манай довтлогчдоос бүтэн улирал гэмтэлгүй тоглох магадлалтай хүмүүс ховорхон байгаа юм. Тэгээд ч эдгээр цуу яриануудад итгэх юм бол явуулах гэж байгаа хүнийхээ гэрээг сунгах шаардлага байсан ч юм уу даа.

Улирлын эхэнд Арсеналыг аваргын төлөө өрсөлдөөнд орно гэж бодож байсан хүмүүс маш цөөхөн байсан. Манчестер Сити Арабуудынхаа буянаар бараг лигит түрүүлэх мэтээр бичигдэж байсны дээр өнгөрсөн улирлын Ливерпүүлийн форм Премьер лигийн түрүүг бараг 185 хувийн магадлалтайгаар тэдэнд өгч байсан билээ. Арсенал эгнээнээсээ хэдий муу нэртэй ч тун боломжийн довтлогч байсан Эммануэль Адебаёр, олон жил үнэнчээр зүтгэсэн хамгаалагч Коло Турэ нарыг МанСитид зарсан нь манайхныг өрсөлдөөнөөс хасах нэг том шалтаг болсон. Турэгийн оронд Аяаксаас нэг шавилхан белги залууг авчирсан нь бас л баахан хэл ам дагуулсан.

Арсэн Вэнгэр ирснээсээ хойш 2004 он хүртэл жил болгон эхний хоёр байрны аль нэгэнд байнга бичигддэг байснаа сүүлийн хэдэн жилд эхний 4-т зоолттой байхаас гадна арван хэдэн жил дараалан европт амжилттай тоглох болсон нь шинэ үеийн Арсеналын фэнүүдийн хүлээлтийг өндөрт өргөж орхисон билээ. Тэртээ 1960-аад оноос Арсеналыг дэмжиж ирсэн дэмжигчдээс одоогийн Арсеналыг асуух юм бол жаргалтай сайхан байгаа тухайгаа хэлэх байх. Арван хэдэн жил аваргын цом өргөлгүй явсаар байсан багаа 1989 онд аваргын цом өргөхөд бараг анх удаагаа багаа цом өргөхийг харж байсан хүмүүс олон л байдаг байх даа.