Thursday, November 27, 2014

Ном уншдаг охинтой болзоорой

Роүзмэйри гээд охины бичсэн энэ фэйсбүүкийн пост хаа сайгүй тарсныг хөрвүүлчихлээ. Манай залуучуудад зориулсан сайхан зөвлөгөө байна. За тэгээд охидод ч гарын авлага болохоор л юм.

 НОМ УНШДАГ ОХИНТОЙ БОЛЗООРОЙ

Ном уншдаг охинтой болзоорой. Хувцас авах мөнгөөрөө ном авдаг, хэт их ном цуглуулчихсан учраас хувцасны шүүгээндээ зайгүй охинтой болзоорой. Унших номын жагсаалтаа гаргасан, бүүр 12 настайгаасаа номын сангийн уншигч болсон охинтой болзоорой.

Ном уншдаг охин олоорой. Барьж яваа цүнхэнд нь уншиж амжаагүй ном байнга байдгаараа тэд илхэн байдаг юм. Номын дэлгүүрийн банзан тавиур луу шимтэн ширтэж, хүссэн номоо олж хараад чимээгүйхэн хашгиран баярлаж байдгаараа тэд илхэн байдаг юм. Хуучин номын худалдаан дээр шарласан хуудсыг тааламжтайяа үнэрлээд зогсож байгаа этгээд охиныг харж байна уу? Тэр чинь уншигч. Номын хуудсыг үнэрлэхгүй өнгөрч чадахгүйгээр барахгүй үнгэгдэж, шарласан хуудсанд нь бүүр амиа тавина гээч.

Гудамжны төгсгөлийн кофены газарт ном уншаад, хүн хүлээж байгаа бүсгүй бол тэр охин. Хажууд нь байгаа аяга руу сэмхэн өнгийгөөд харахад кофеных нь сүү гүйцэт холилдоогүй дээгүүр нь хөвж байх вий. Яагаад гэвэл тэр аль хэдийн номын ертөнцөд, зохиолчийн төсөөлөлд хөл алдчихсан яваа. Суу. Цаадах чинь чам руу муухай харна, яг л ном уншдаг охид саад болсон хүмүүс рүү хардаг шиг. Уншиж байгаа ном нь таалагдаж байгаа эсэхийг асуу. 

Шинэ кофе түүнд авч өг.

Муракамигийн тухай юу гэж боддогоо хэл. Бөгжний ахан дүүсийн эхний бүлгийг гүйцэт уншсан эсэхийг мэд. Жеймс Жойсын Улиссыг ойлгосон ухаантан болж харагдах гэж байна уу үгүй юу гэдгийг нь анзаараарай. Түүнээс Алисад хайртай юу эсвэл Алисын оронд баймаар байна уу гэдгийг асуу.

Ном уншдаг охинтой болзоход үнэхээр амар. Төрсөн өдөр, шинэ жил, ойн баяруудаараа ном бэлэглэхэд л болно. Үгээр, найргаар, дуугаар бэлэг барь. Неруда, Паунд, Секстон, Камминсыг бэлэглэ. Үгс бол хайр юм гэдгийг ойлгодгоо түүндээ харуул. Ном, амьдрал хоёрыг ялгаж мэддэг нь ойлгомжтой ч гэсэн тэр чинь өөрийнхөө дуртай ном шигээ амьдрах гэж үзнэ дээ. Хэрвээ тэгж чадаж гэмээ нь хэзээ ч чамайг буруутгахгүй.

Яагаад вэ гэвэл тэр чадах эсэхээ л үзэх гэсэн хэрэг.

Түүнд худал хэл. Учир мэддэг хүн бол худал хэлэх хэрэгтэй байдгийг ойлгох л ёстой. Үгээр илэрхийлж болшгүй зорилго, үнэт зүйлс, ялгаа, харилцан яриа байдаг. Хамаг юм дуусчихаагүй байна шүү дээ.

Түүний өмнө бүтэлгүйт. Ном уншдаг охин бүтэлгүйтэл үргэлж оргил өөд чиглүүлдгийг мэддэг. Бүх юманд төгсгөл байдгийг бас бүх номын дараагийн дэвтрийг үргэлжлүүлэн бичих боломжтой гэдгийг ойлгодог. Бас ахин дахин шинээр эхэлсэн ч баатар хэвээрээ байж болдгийг. Бас амьдралд ганц хоёр эсрэг дүр байх ёстойг.

Чамаас тэс өөр юмсаас яасан гэж айх вэ? Ном уншдаг охид хүмүүсийг өсөж хөгждөг гэдгийг ойлгодог яг л зохиолын дүр шиг. Мэдээж Бүрэнхий цувралынхыг эс тооцно шүү дээ.

Ном уншдаг охиноо олсон бол өөртөө ойрхон байлга. Шөнийн хоёр цагт сэрэхэд чинь номоо тэврээд уйлж байвал аяга цай хийж өгөөд, тэвэр. Ганц хоёр цаг номондоо ороод алга болсон ч эргээд чам руу ирэх нь зайлшгүй. Номынхоо дүрүүдийг жинхэнэ байдаг юм шиг л ярина цаадах чинь, тэгэхдээ хэсэг хугацаанд ч гэсэн тэд амьдардаг юм шүү.

Чи агаарын бөмбөлгөн дээр гэрлэх саналаа тавих болно. Эсвэл рок тоглолт дээр. Эсвэл өвдчихөөд хэвтэж байхад нь. Скайпаар.

Хацраа чилтэл инээмсэглэж байхдаа яагаад зүрх чинь хайрандаа хага үсрээд цээжээр чинь нэлийтэл урсчихгүй байгааг гайхах болно. Та хоёр амьдралынхаа түүхийг хамтдаа бичиж, хачин хачин нэртэй, сонин сонин зуршилтай хүүхдүүдтэй болно. Цаадах чинь хүүхдүүддээ Малгайтай муур, Аслан хоёрыг танилцуулаад л, магадгүй хоёулантай нь нэг өдөр ч танилцуулж магадгүй. Өтөл насныхаа өвлийг хамтдаа алхаж өнгөрүүлнэ, гутлын чинь цасыг унагааж байхдаа Кийтсээс эш татан амандаа бувтнана.

Чи ном уншдаг охинтой болзох эрхтэй. Чиний амьдралыг төсөөлж болох хамгийн гоё өнгөөр будах охинтой үерхэх эрхтэй. Нэгэн хэвийн гөлгөр царай, уйтгартай өдрүүд, олигтой сэтгэл хөдөлгөхгүй санал тавих гэж байгаа бол ганцаараа насыг барсан чинь дээр дээ. Харин ертөнцийг, түүнээс цаана байгаа ертөнцүүдийг хүсч байгаа бол ном уншдаг охинтой болзоорой.

Эсвэл, ном бичдэг охинтой болзвол бүр дээр ч юм уу.
Rosemarie Urquico


(Болхи, чадвар муутай орчуулгыг тэсэж уншсан танд баярлалаа)
2014.11.25

Thursday, November 06, 2014

ӨВӨЛ АЙСУЙ!

Номын тэмдэглэл бичилгүй хэсэг болчихжээ. Тэгээд бодов. Ямар номын тухай бичих вэ гэж. Ойрмогхон уншсан хоёр роман байна. Уншсан гэж нэгийг нь дахин уншиж байгаа юм. Нөгөөх нь Жорж Мартины Хаан ширээний тоглоом буюу Гал мөсний дуун цувралын эхний дэвтэр л дээ. Монгол хэлнээ орчуулагдаад өчигдрөөс худалдаанд гарсан байна билээ. Кино нь ЭйчБиӨү сувгаар цуврал болон гараад нэгэнт 4 улирлыг үдсэний дараа номыг нь унших хүсэл төрж байгаа нь энэ л дээ. Аливаа киноноос зохиол нь хамаагүй сайн байдаг гэсэн теоремыг л батлах гэж үзсэн хэрэг. 

Зохиолын хувьд их сонирхолтой хэлбэрээр бичигдсэн. Гол дүрийн хэд хэдэн хүнийг сонгон авч болж буй үйл явдлыг тэдний харж буй өнцгөөс тайлбарласан нь миний хувьд их сонирхолтой шийдэл болж уу гэж санагдсан. Ингэсэн нь тухайн баатрыг ямар үзэл бодолтой, ямар зарчимтай, үүссэн нөхцөл байдалд ямархуу маягаар хандаж байгааг харахад их дөхөм болгож өгсөн юм шиг. Мөн бусад баатруудынхаа үйлдлүүдийг өөрийнхөөрөө хэрхэн тайлбарлаж байгааг ч бас харуулсан нь жинхэнэ амьдрал дээрх хүмүүсийн харилцаанд үл ойлголцол хэрхэн үүсдэгийг сануулах мэт. 


Кино нь гараад удаж байгаа болохоор ихэнхи хүмүүс энэ зохиолын талаар мэдэж байгаа байх л даа. Номыг нь уншчихсан хүмүүс ч олон байгаа байх. Тэгэхдээ энд гардаг үйл явдлыг цухас ч болох нь ээ тайлбарлахгүйгээр энэхүү романы тэмдэглэлийг бичнэ гэж байж болшгүй хэрэг биз. Үндсэндээ Долоон ванлиг дахь эртний сурвалжит 7 том гэр бүлийн эрх мэдлийн төлөөх тэмцлийг харуулсан гэж үзэж болно. Өвөл, зун нь хэдэн жилээр ч хамаагүй үргэлжлэх үлгэр домгийн энэ газрын Умард зүгийг илбэн тохинуулагч Винтерфэлийн Старкын удмынхны тухай энэхүү номонд зонхилон өгүүлэх боловч энд гарах дүр бүр нь тунчиг сонирхолтой. Хүний орчлонд байдаг хар цагаан бүхэн энд байраа олсон ба хааны ордон дахь эрх мэдэл, шунал тачаал, хайр дурлал, эд баялгийн төлөөх чимээгүй бөгөөд цуст дайныг уншигч танд таалагдахгүй байх аргагүйгээр дүрсэлсэн.


Зохиолыг унших зуур би Старкынхны бардам бөгөөд нэр төрөө эрхэмлэх, зарчимч занг өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрж байсан ч хажуугаар нь чухам энэ занг нь зэмлэн бодож байлаа. Өөрийн эрхгүй тэдний төлөө санаа тавьж, амьд гарчихаасай гэж далд хүсэхдээ ингэж бодож байсан хэрэг л дээ. Уншигч танд ямар хүн таалагддаг вэ? Бүх төрлийн хүмүүс энд бий. Ухаантайгаас тэнэг хүртэл, зальтайгаас бодь сэтгэлтэн хүртэл, эрэлхэг зоригтойгоос аймхай хулчгар хүртэл бүх төрлийн хүмүүс таны замд таарах бөгөөд үлгэр домгийн аварга чоноос авахуулаад луу хүртэл гарна. Гол болон туслах дүрийн баатруудын харилцан яриа болон хэлж байгаа үгсийг туйлын үнэн гэж хүлээн авахаа та бүхэн азнасан нь дээр гэдгийг юуны өмнө анхааруулах хэрэгтэй байх. Үнэхээр өрөвдөөд явж байсан хүн өр лүү чинь өшиглөөд ороод ирэх вий. 


Эхний энэ роман дээр үйл явдал 3 газар өрнөдөг. Эхнийх нь мэдээж Долоон ванлигийн нийслэл Кингс Ландинг хотод хамаг хор найруулах ажиллагаанууд явагдах ба олон жилийн өмнө бут цохигдож, нуран унасан Таргареэн вангийн удмаас амьд үлдсэн хүү, охин хоёр Дорно зүгт далайн чанадаас эргэн ирж, өшөө авахаар чөлөөт хотуудаар хэсүүчлэн тусламж эрнэ. Харин энэ эрх мэдлийн тэмцлээс тэс өмнөө тэмцэл Вэстэросын умард хэсэгт хэдэн зууны турш үргэлжилж байдаг. Тэнгис далайг гаталж ирсэн (Монголын нууц товчоо шиг бичмээр санагдаад) Анхны хүмүүс ямар нэгэн ер бусын хүчинтэй тулалдан ялж энэ газар нутагт эзэн суух болсон гэгдэх бөгөөд ялагдсан дайсны хүчнийг дахин ирүүлэхгүйн тулд асар том Ханыг байгуулсан гэж домогт өгүүлэх аж. Мөс болон чулуу ашиглан босгосон энэхүү хана нь хэдэн зуун фут өндөр бөгөөд өрнөөс дорно хүртэл хэдэн зуун миль газарт үргэлжлэн Долоон ванлигийг зэрлэг Умардаас тусгаарлаж байдаг. Ханыг Шөнийн харуулууд хэмээх хүчин хамгаалах бөгөөд энд бүх Долоон ванлигаас ирсэн цэргүүд тусгай тангараг өргөн зүтгэдэг. Нэгэнт тангараг өргөсөн шөнийн харуул эхнэр, хүүхэд авахгүй, эд хөрөнгө, газар нутаг болон эрх мэдэл эзэмшихгүйгээр нэгэн сэтгэлээр Долоон ванлигийн төлөө Ханан дээр зүтгэсээр насыг барах учиртай. 


Хатуу ширүүн умардын эзэд болох Винтерфэлийн Старк бол Роберт хааны багын найз. Тэдний нөмөр нөөлөг байсан Жон Аррин нас барж тэргүүн сайдын орон зай суларсан ба ван өөрийн найз Нэд Старкыг түүний оронд томилохоор Винтерфэлд ирснээр романы гол үйл явдал эхэлнэ. Төрсөн нутаг шигээ эрс зантай Старк хэдий дургүй байсан ч найзынх нь амь насанд аюул заналхийлж байж магадгүй талаар олж мэдсэн тул Өмнө зүг Кингс Ландинг руу явахаас өөр аргагүй байдалд орно. Сурвалжит гэр бүлүүд бүгд өөрсдийн уриатай бөгөөд Старкынхны уриа “Өвөл айсуй”. 


Хэтэрхий нуршихаасаа өмнө ингээд өндөрлөе дөө. Өвөл айсуй!