Friday, April 28, 2017

I disapprove of what you say, but I will defend to the death your right to say it

"I disapprove of what you say, but I will defend to the death your right to say it'' (Хэлэх үгийг тань эс таалавч түүнээ хэлэх эрхийг тань хамгаалсаар үхэхэд би бэлэн) хэмээх сүрт үгийг Францын алдарт зохиолч Вольтерыг хэлсэн гэж ихэнх хүмүүс үздэг боловч энэ үгийг түүний бичсэн аль ч зохиол болон гар бичмэлээс нь олж чадаагүй билээ. Тэр нь ч аргагүй юм. Түүний зан чанарыг тодорхойлон бичихдээ энэ эшлэлийг өөр нэгэн зохиолч бичсэнийг Вольтерын хэллэг хэмээн андуурах болжээ.

Энэ хэлцийг анх “Вольтерын нөхөд” (The Friends of Voltaire, 1906) ном дээр тухайн үед Стивэн Ж. Таллентайр (Stephen G. Tallentyre) гэсэн утга зохиолын нэрээр туурвиж асан зохиолч эмэгтэй Эвэлин Биатрис Холл (Evelyn Beatrice Hall) хэмээх зохиолч эмэгтэй бичжээ. Тус номын 7 дугаар бүлэгт Францын нэрт гүн ухаанч, зохиолч Клод Адриэн Хэлвэтиүсийн (Claude Adrien Helvetius, 1715-1771) тухай бичихдээ ихэд найрсаг, өгөөмөр сэтгэлтэй бөгөөд авъяас билэг ч төдий муу биш гэхчлэн дүрсэлж байв.

Гүн ухаанчийн талаар жаахан дэлгэрүүлэхэд, мань эр өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй гэрлэж, ядуу борлог амьдрахаар сонгож, аз жаргалтай байсан боловч гүн ухаанчийн хувиар алдар олох гэсэн бүтэлгүй хүслээсээ болоод хамгаа үрэн таран болгосон хүн байжээ. 1758 онд тэрээр “De l'Esprit”-ээ нийтлүүлснийг нь Холл “Оюун ухааны тухай” (On the Mind) хэмээн хөрвүүлсэн ба Холлын бичсэнээс үзвэл хүний ухамсар дорой байхын шалтгааныг нийгмийн нөхцөл муу байхаас хамааралтай гэж үзээд хүмүүсийг үндсэндээ амьтад бөгөөд ухамсар гэдэг ухагдхууныг ерөнхийд нь ихэд шүүмжилсэн бүтээл байсан бололтой. Бүгдээрээ л үүнийг нь эсэргүүцэв. Гүн ухаанчдын зарим нь, сүмийнхэн бүгдээрээ, тэгээд төрийнхөн. Ямар ч гэсэн бүхний анхаарлыг өөртөө татаж чаджээ. Вольтер юуны түрүүнд гайгүйхэн болох найдлагатай байсан шавьдаа урам хугарснаа зарлалаа. Ялангуяа Крэбэльон, Фонтэнэл зэрэг зарим ядмагхан сэтгэгчидтэй зүйрлүүлсэнд нь ихэд эгдүүцсэн байна. Боловсорсон сэхээтний хүрээлэл дундаа нэлээн шүүмж дагуулан явсаар хэд хэдэн сар төрийнхний анхаарлаас зайдуухан байжээ.

Гэтэл тэрнийг нь Дауфин уншчихаж. (Францын дауфин буюу Dauphin de Viennois гэдэг нь хаан ширээний угсаа залгамжлагчийг хэлдэг байна.)

Түүний хэвлэн нийтлэх эрхийг цуцалж, өнөөхийг нь хянан тохиолдуулж хэвлэн нийтлэх зөвшөөрөл өгсөн хүнийг ч ажлаас нь хөөжээ. Эрх мэдэлтнүүдийн дайралт ар араасаа давалгаалсаар, 1759 оны 1-р сарын 31-нд Пап лам буруушааж, дараа нь 2-р сарын 6-нд Парисын парламентаас шүүмжилж, эцэст нь Вольтерын “Байгалийн хууль”-ийн адилаар 2-р сарын 10-нд номыг нь нийтийн өмнө шатаасан байна.

Төр засагтай тэрсэлдсэн аливаа зүйлс маш сайн байдаг байж таарна гэсэн нийтлэг зарчмын дагуу энэхүү шийтгэлээс болж Хэлвэтиүсийн гүн ухаанчийн байр суурь тухайн үеийнхний дунд ихэд тархаж, нөхрийн нэр хүнд ч эрс өссөөр оюунлаг элитүүдийн хүрээнд оруулж орхижээ. Протестант Герман, Англичуудын дунд ч нэр нь ихэд тархсан юм.

Холл ийн бичжээ:
... Номыг нь үзэн ядаж, Хэлвэтиүст таагүй хандаж асан хүмүүс түүнийг тойрон хүрээлж эхлэв. Вольтер түүний санаатай болон санаандгүй учруулсан хохирлыг нь уучилсан. Ном шатаасан явдлын талаар сонсоод тэрээр “Нэг муу омелетны юунд нь болсон юм!” хэмээн уулгалав. Хийсвэр хөнгөмсөг шалихгүй хүнийг юунд ингэтэл хүндээр шийтгэнэ вэ? Вольтерын аяг яг тэр үед “Хэлэх үгийг тань эс таалавч түүнээ хэлэх эрхийг тань хамгаалсаар үхэхэд би бэлэн” гэх маягтай байлаа. Гэвч тун удалгүй "... Оюун ухааны тухай дээр Локэ (John Locke) дээрхээс илүү, эсвэл Хуулийн амин сүнс (Montesquieu) дээрхээс илүү материализм байна гэж байхгүй..." хэмээн шуугиулсаар орж ирсэн нь зөвхөн Вольтероос л гарах зан билээ.
Нөхөд” эрдэм шинжилгээний бүтээл биш хэдий ч Холл уг ном дээр яриа болон бичвэр эшлэх, эсвэл хүний тухай өөрийн дүгнэлт, бусдын яриаг бичихдээ харьцангуй эмх цэгцтэй ялгаж байсан. Тиймээс дээрх үгийг Вольтерын аашийг тодорхойлсон өөрийнх нь үг гэвэл үнэнд хавьгүй дөхүү байх болов уу. энэхүү тодорхойлолтын араас Вольтерын хэлсэн үгийг үргэлжлүүлэн бичсэнээс болоод уншигчид төөрөлдсөн байх магадлалтай.

Аль нь ч байлаа гэсэн энэ үг их сайхан хэллэг байсан тул хүн бүр эшлэх болж анх бичсэн хүн нь биш хүмүүсийн сайн мэддэг нэр энэ үгийн эзэн болжээ.

Холл сүүлд, Вольтерын Хүлцэнгүйн тухай эсээн дээрх “Өөрөө бод, бас бусдад тэгэх боломж олгож бай” гэсэн үгсийг утга дагуулан өөрчилсөн гэдгээ хэлсэн билээ.

Wednesday, April 19, 2017

Soha - Mil Pasos (Мянган алхам)

Ойрмогхон энэ дуунд хэсэг дурлаад. Ер нь юуны тухай юм бол гэж бодоод үгийг нь хайж үзтэл их аятайхан үгтэй юм. Хальт бантагначихлаа. Яахав яахав. Хэл дамнуулан хазгай муруй буулгасан тул Испани хэлтнүүд минь өршөөх буйзаа.
МЯНГАН АЛХАМ
Нэг алхам, би үүрд явлаа.
Нэг л зоримог алхам
Урагш давшсан алхам
Хоёр алхам, чам руу огт харалгүй би одлоо.
Нэгэнт хол оджээ би
Хоёр алхам, би чамайг хэдийн мартсан.
Гурван алхам, дорныг зорин довтолгож явна би.
Өмнийг ч зорилоо, өрнийг ч зорилоо.
Гурван алхам, хэтэрхий холдов уу, гэж надад санагдах ч шиг.
Дахилт:
Тэгээд, эгж хэзээ ирэх вэ, чи?
- Би эргэж ирэхгүй ээ.
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Нэгэнт хол оджээ би
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Нэг л өдөр, эсвэл хэзээ ч үгүй.
Тэгээд, эгж хэзээ ирэх вэ, чи?
- Анхны алхмаа би хэдийн хийсэн
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Намайг бүү хүлээ
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Нэг л өдөр, эсвэл хэзээ ч үгүй.
Дөрвөн алхам, санахыг би хүснэм
Дөрвөн алхам, мэднэ би угаасаа
Чиний намайг, би чамайг хайрладаг асныг
Таван алхам, уйтгарт авталгүй өөрийгөө аваад
Тэртээ хол алхан оджээ
Таван алхам, чамайг уучлав, би
Зургаан алхам, бараг л долоо
Цаашаа хэрхэн тоолохоо үл мэднэ, би
Мянган алхам, тэгээд цаашаа, би зогссоор л.
Дахилт:
Тэгээд, эгж хэзээ ирэх вэ, чи?
- Би эргэж ирэхгүй ээ.
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Нэгэнт хол оджээ би
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Нэг л өдөр, эсвэл хэзээ ч үгүй.
Тэгээд, эгж хэзээ ирэх вэ, чи?
- Анхны алхмаа би хэдийн хийсэн
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Намайг бүү хүлээ
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Нэг л өдөр, эсвэл хэзээ ч үгүй.
Нэг алхам, хоёр алхам, гурван алхам, дөрвөн алхам, таван алхам,...
Мянган алхам...
Дахилт:
Тэгээд, эгж хэзээ ирэх вэ, чи?
- Би эргэж ирэхгүй ээ.
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Нэгэнт хол оджээ би
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Нэг л өдөр, эсвэл хэзээ ч үгүй.
Тэгээд, эгж хэзээ ирэх вэ, чи?
- Анхны алхмаа би хэдийн хийсэн
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Намайг бүү хүлээ
Эгж хэзээ ирэх вэ, чи?
- Нэг л өдөр, эсвэл хэзээ ч үгүй.

Monday, April 17, 2017

Харагдах бараагүй, харуулах гавъяагүй эздэд Ювэнтусын гялалзсан эзэнт гүрнээс суралцах зүйл их байна

Эх сурвалж: Ричард Виллиамс, Гардиан

Агнеллийн гэр бүлийнхэн (бас Роман Абрамович) Арсенал, Блакбурн, Ковэнтри болон Лэйтон Ориэнт клубуудын эздэд урагшлах замыг нь зааж өгч байна.

 “Арсеналын Стан Кроэнкэ, Блакбурны Вэнкичүүд, Ориэнтын Франчэско Бэччэтти нар, эсвэл Ковэнтриг ангал руу чирч байгаа Сисугийн үл үзэгдэх хөрөнгө оруулагч нар аа, та нар сонсож байна уу?” Зургийг: Gary Neill

Ямар хүмүүсээр хөлбөмбөгийн клубээ удирдуулмаар байдаг вэ? гэсэн асуулт Арсенал, Блакбурн Ровэрс, Ковэнтри Сити, болон Лэйтон Ориэнт клубын фэнүүдийн хувьд шаналгаа болоод байна. Амжилтын гараан дээрээ бүдчээд байгаа, эсвэл бүр устаж үгүй болох харанхуй ангалын ирмэгт тулчихаад байгаа алин боловч эдгээр клубын дэмжигчид клубын эздийн чадвар муутай, сэтгэл хүйтнийг муулан уурлацгааж байна.

Харин Ювэнтусын фэнүүдийн хувьд бол хариулт тун энгийн. Өнгөрсөн долоо хоногийн дундуур Италийн аваргуудын цэнгэлдэхэд Паоло Дибала Барсагийн эсрэг хоёр гоолынхоо эхнийхийг хийгээд баяраа тэмдэглэн гүйж байхад телевизийн найруулагч дэлгэцийн кадрыг сольж захирлуудын суудалд юу болж байгааг харууллаа. Тэнд тус клубын ерөнхийлөгч Андрэа Агнелли өөрийн хаяал Жон Элканн зэрэг хүмүүстэй тэврэлдэн баярлалдаж байна.

Өдгөө 41 настай Жон Элканн бол тэртээ 1899 онд дээд өвөг Жиованни Агнеллийн үүсгэн байгуулсан Фиатын эзэн гүрний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга юм. Өвөг эцэг нь болох Эдоардо Агнелли 1923 онд Ювэнтусын удирдлагыг гартаа атгасан түүхтэй. Харин түүний өвөө, бүхний хайрыг хүлээсэн, улс төрийн нөлөө бүхий Жианни Агнелли нь 1947-54 онуудад клубын ерөнхийлөгч байсан ба судалтай өмсгөлтнүүдийн баатар Жон Чарлз, Мишел Платини нартай дотно нөхөрлөдөг байжээ.

Зургаан жилийн өмнө Элканн ерөнхийлөгчийнхөө суудлыг өөртэйгээ нас чацуу хаяалдаа шилжүүлсэн юм. Жианни Агнеллийн дүү 1970 оноос хойш 2004 онд өөд болох хүртлээ клубын хүндэт ерөнхийлөгч байсан Умбертогийн хүү болох Андрэа Агнеллигийн үед клубын шинэ цэнгэлдэх ашиглалтад орж, Антонио Контэ, Массимилиано Аллегрийн удирдлагаар лигийнхээ түрүүг тав дараалан хүртээд, одоо зургаа дахиа авах нь цаг хугацааны л асуудал болоод байна. 

94 жилийн турш клубын хувь заяаг нэг гэр бүл атгаж яваа хэдий ч Ювэнтус Италичуудын дунд маш их дэмжлэгтэй билээ. Яахав, тухайн үеийн Фиатын ажилчдын ихэнх нь Ториньогийн фэнүүд байсан байж магадгүй л юм, гэхдээ л... Дунд нь ганц хоёр удаа шүүгчийг хахуулдсан хэрэгт орж, 2006 онд доод лиг рүү анх удаа унаж үзсэнийг эс тооцвол Агнеллийн гэр бүл бараг зуун жил бахдам амжилттай удирджээ. 

Гэр бүлийн гишүүд тоглолт бүр дээр харагдах ба энэхүү нягт харилцаа нь бараг уламжлал болсон байсныг саяхан Gazzetta dello Sport сэтгүүлийнхэн Мягмар гарагийн Барселонатай хийх тоглолтын үеэр өмнөх тоглолтуудад тоглож байсан хоёр тоглогчтой хийсэн ярилцлагаар улам тод харагдсан. Улаан хуудсаараа Сери А лигийн амжилтыг тогтоож байсан, өдгөө Аргентинд дасгалжуулагч хийж байгаа Уругвайн ширүүн хамгаалагч Паоло Монтеро ярилцлагадаа одоогийн ерөнхийлөгч өөрийг нь хамгийн дуртай тоглогчоороо нэрлэснийг дурдаад “Би түүнд их талархаж байна. Зидан, Дел Пиеро эсвэл бусад супер оддоос нэрлэж болох л байсан. Гэвч эгэл жирийн намайг нэрлэсэн. Клубын чин зүрхнээсээ тэмцэж, ялахыг хүсдэг эрмэлзлэлийг төлөөлдөг байсныг минь үнэлсэн байх л даа” хэмээн ярьжээ. 

Шотланд довтлогч Стив Арчибалд 1986 онд Европын цомын их шөвгийн тоглолтод Тэрри Вэнаблэсын удирдсан Барселонагийн төлөө айлын талбай дээр маш чухал гоол хийчихээд Ювэнтусын хуучин өргөө Стадио Коммуналэ дахь хувцас солих өрөө рүүгээ явж байсан үдшийг ийн дурсаж байна. “Хаалга онгойлоо. Өмнө нь зургаан хүн зам чөлөөлөөд маш дэгжин цув өмссөн цэмцгэр байрын өндөр эр гарч ирэв. Тэр зогсоод над руу гар сунган мэндчилж англи хэлээр “Сайн гоол байлаа” гэж хэлсэн. Тэр бол Жианни Агнелли байсан юм. Сэтгэл зүй нь ч гэсэн маш цэмцгэр.” 

Арсеналын Стан Кроэнкэ, Блакбурны Вэнкичүүд, Ориэнтын Франчэско Бэччэтти нар, эсвэл Ковэнтриг ангал руу чирч байгаа Сисугийн үл үзэгдэх хөрөнгө оруулагч нар аа, та нар сонсож байна уу? Сайн эзэнтэй клуб, насан туршийн үнэнч сэтгэл ямар байдгийг харж байна уу? Клубыг ингэж авч явахын тулд тайван амгалан, тогтвортой байж клуб болон түүний эргэн тойрныхны сэтгэлзүйд мэдрэмжтэй хандах ёстойг ойлгож байна уу? 

Роман Абрамович бол энийг яахын аргагүй ойлгож байгаа. Тэрбумын хөрөнгөө хаанаас, хэрхэн олсноос нь үл хамаараад тэр болон Челси дэх түүний багийнхан нь аливаа асуудлын үнэ цэнийг эрт мэдэрч шийдвэрээ маш шуурхай бөгөөд шийдэмгий гаргаад дараагийн асуудал руу шилждэг. Мийрсийн гэр бүл, Кэн Бэйтсийн толгойлж асан эмх замбараагүй, халгиа цалгиатай зүүн Лондонгийн энэ клуб энэхүү бодлогын ачаар дийлдэшгүй хүчирхэгжин тун удахгүй Хэрцог энд ди Меуроны загвараар байгуулагдах ганган бетон цэнгэлдэх рүү нүүх гэж байна. 

Абрамович тэр хажууханд байх Кенсингтон дахь шилтгээнээсээ байнга Стэмфорд Бриж рүү ирж тоглолт үзэж, багийнхан, фэнүүдтэй сэтгэл хөдлөлөө хуваалцаж харагддаг нь хамаг ялгааг харуулж байгаа юм. Олон нийттэй төдийлэн нээлттэй харилцаад байдаггүй ч сэтгэл гаргаж байгаа нь бүхэнд ил. Зүгээр л ялимгүй мэт боловч түүний удирдлагын ганц жижигхэн үр дагавар нь л гэхэд Бэйтсийн үед жийгдэж байсан хуучин тоглогч нарыг хүндэт зочны хувиар буцааж авчирч байсан явдал юм. 

Абрамович Владимир Путин хоёрын харилцаанаас болоод Челси дэх асуудал хүндэрч болох л байсан. Гэхдээ энэ асуудал угаас Премьер лигийн гадаад эзэнтэй клубуудын хувьд зайлшгүй ирэх эрсдэл бөгөөд лигийн нэр хүнд дэлхий дахинаа муудвал хөрөнгө оруулагч нар өөр тийш зүглэх вий гэсэн болгоомжлол хаа хаанаа бий биз ээ. 

Хуучин язгууртнуудын баялаг хөрөнгө эсвэл шинэ олигархын шавхагдашгүй нөөцөөр дэмжигдэн тэжээгдэж буй Ювэнтус, Челсигийнх шиг ийм аз тийм ч олон клубт тохиохгүй. Гэвч огт найдваргүй мэт нөхцлийг ч энэ хоёрынхоос харьцангуй сүр багатай түвшинд аварч болдог байна. Бөөн асуудал дагуулсан Массимо Челлино өөрийн хувьцааны хагасыг нутаг нэгт Итали эр Андрэа Радриззанид зарах хүртэл Лийдс Юнайтедыг чөлөөт уналт хийж байна гэж үзэж болохоор байлаа. Түүний дэмжлэгээр тэдний шинэхэн менежер Гарри Монк тун ч мэдрэмжтэй ажиллаж байгаа. 1997 онд ганцхан гоолын ачаар лигийн бүтцээс уналгүй дэнжигнэн үлдэж асан Брайтон анд Хови Албион л гэхэд покерчин, хөрөнгө оруулагч Тони Блүүмийн ачаар жигдхэн хэмнэлээр дээшилсээр цоо шинэ цэнгэлдэхтэйгээ ирэх долоо хоногт гэхэд л Премьер лигт дэвших болзлоо хангах гэж байна. 

Кристал Паласт, бизнес эрхлэгч Стив Паришийн удирдсан баг зургаан жилийн өмнө дампуурах шахаж байсан клубыг аварч байна. Лигийн биш Буртон Албионыг дөчин жил удирдаж Чампионшип хүртэл дэвшүүлсэн Бэн Робинсоны адилаар Париш ойр тойрны олон нийттэй маш бэх бат, үр бүтээлтэй хамтын харилцааг эрхэмлэж, хөлбөмбөгийн хувьд зөв шийдвэрүүдийг гаргаж байна. 

Хөгжөөн дэмжигчдийн хувьд эздээсээ хүсдэг ганц юм нь тэдний хэн байхаас огт хамаарахгүй зөвхөн үнэн сэтгэлийн зүтгэл л байдаг. Харин тэр сэтгэл дутвал орон зай нь хорсол, зэвүүцлээр дүүрч өмхийрдөг нь ялангуяа улирлын энэ сүүлийн шатанд илт анзаарагдаж байгаа биз ээ.

Бантагнасан: Цогоо