Friday, June 23, 2017

Филип Дормер Станхоуп

18 дугаар зуунд амьдарч байсан Филип Дормер Станхоуп гэж нэг хүн байжээ. Английн сурвалжит угсаатан, тодруулбал Честерфилдийн гүн хэргэмтэй энэ эрхэм өөрйн хүүд хандан "Letters to His Son on the Art of Becoming a Man of the World and a Gentleman" буюу монголчилбол "Дэлхийн хүн болон боловсон эр болох урлагийн тухай хүүдээ бичсэн захидлууд" хэмээх номыг бичжээ. Өдгөө уг номд гарах олон үгсийг хүмүүс эш татан сургамжлах болсон байна. Би ч бас дутахгүй санаатай зарим үгсийг нь монголоор ийн сийрүүлвэй.
“Whatever is worth doing at all is worth doing well.”
Хийвэл зохих аливаа үйлийг сайн хийгүүштэй. Манайхаар бол хийсэн шиг хий л гэж.
“Never seem more learned than the people you are with. Wear your learning like a pocket watch and keep it hidden. Do not pull it out to count the hours, but give the time when you are asked.”
Хамт байгаа улсаасаа илүү мэдлэгтэй харагдаж огт болохгүй. Өөрийн мэдлэгээ халаасны цаг шиг л хадгал. Цаг хэр явсныг мэдэх гэж байн байн гаргаж харах хэрэггүй. Харин асуусан үед нь цаг хэлж өгч бай.
Манайхаар бол мэдэмхийрээд байлгүй хэрэгтэй үед нь хэлээд өгчихөж бай гэх маягийн.
“Be wiser than other people if you can; but do not tell them so.”
Болж өгвөл бусдаас ухаалаг бай, гэхдээ тэрнийгээ битгий илэрхийл.
“Idleness is only the refuge of weak minds, and the holiday of fools.”
Дэмий сэлгүүцэх нь дорой хүний тайтгарал, тэнэг хүний амралт болой.
“I recommend to you to take care of the minutes; for hours will take care of themselves. I am very sure, that many people lose two or three hours every day, by not taking care of the minutes.”
Хором бүрийн учрыг олж чадвал цагууд аяндаа өөрсдөө цэгцрээд ирнэ гэдгийг би батлан хэлье. Хормуудын учрыг олж чадаагүйгээс өдөр бүр хоёр гурван цагийг сул алддаг хүмүүс олон байдаг гэдэгт би итгэлтэй байна.
“Man cannot discover new oceans unless he has the courage to lose sight of the shore for a very long time.”
Эргийн барааг урт удаан хугацаанд алдах хэрийн зориг гаргахгүй бол шинэ далайг нээнэ гэж огт үгүй.
“Young men are apt to think themselves wise enough, as drunken men are apt to think themselves sober enough.”
Залуус өөрсдийгөө хангалттай ухаантай гэж бодох нь согтуу хүн өөрийгөө эрүүл байна гэж бодохтой ижил.
“Advice is seldom welcome and those who need it the most like it the least.”
Зөвлөгөөг талархан хүлээж авах нь ховор бөгөөд хамгийн их зөвлөгөө авууштай хүмүүс ч огт таашаах нь үгүй.

Wednesday, June 21, 2017

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал

Сүүлийн үеийн шинэ сонин гэвэл дэлхий нийтийн соёл иргэншил аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалдаа ороод л явж байна. Энэ бичлэг дээр энэхүү хувьсгалын нүүр царай болсон шилдэг, шинэлэг технологи, мэдлэгүүдийг хураангуйлан үзүүлжээ. 3 дугаар ангийн хүүхдүүд бүтээл уралдуулж, 18 настай хүүхэд шинэ нээлт хийн, хүний ясыг шинээр тарьж ургуулан, саажилттай хүнийг бүрэн эдгээх зам нэгэнт шулуудаад явж байгаа энэ сайхан цаг үед манай сайхан Монгол оронд юу болж байна даа?

Төмөр зам тавих л байсан юм гээд халаглаад сууж байна. Урдаа барьдаг их сургуулийн физикийн ангийг цорын ганц оюутан сонгож орохдоо тулсан байна. Ард түмний нийтлэг эрх ашгийг тоодог хүн алга. Хувийн, тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашиг, агшин зуурын ашиг хонжоог урдаа барьж, ичих нүүрэндээ төө зузаан илэг наасан улс төрч, нийгмийн зүтгэлтнүүд. Өнөөдөр л өөрийгөө аргалж, бор ходоодоо божийлгож байвал маргааш Монгол улсын хэрхэх нь сонин биш мэт аяглаж байгаа улс маш олон юм. Үүнд улс төрчдийн гэхээсээ илүү довоо шарлуулаад, хувиа хичээгээд яваа иргэн бүр буруутай. Шударга бус байдал газар аваад, хаа сайгүй ил цагаан болоод байхад хараа ч үгүй юм шиг хээв нэг явдаг та бидний буруу. Цучил дамжуулж өгөх ёстой бидний царай, түүнийг буухиалан авч цааш өртөөлөх учиртай хойч үеийн минь байдал. Таарч дээ л гэж халагламаар. Салбар бүртээ түүчээ болоод яваа залуус байгааг огт үгүйсгэхгүй. Гэвч ард түмний нийт цулыг бүрдүүлэх үндсэн хэсгийн байгаа байдалд үнэхээр гутах юм. Бидний хийж чадах юм юу байгаа юм? гэж бухимдах улс ч байгаа байх. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхөө л байчихъя. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлье. Эрдэм мэдлэгийг шүтье. Хуучны лоозонгууд нэг иймэрхүү байсан даа.


Thursday, June 08, 2017

Виски


Сонсооч эрхэм анд минь, надад 12 лонх виски байлаа л даа. Гэтэл нэг өдөр эхнэр маань "Тэр бүх лонхтой вискинүүдийг угаалтуур луу бүгдийг нь асгахгүй бол сайхан мэдээрэй" гэдэг юм байна. Би ч яах вэ, за тэгье ээ л гэлээ. Тэгээд нэн таагүй ажилд орлоо доо. Эхний лонхны үйсэн бөглөөг мултлаад доторхыг нь угаалтуур луу урсгахдаа ганц аягыг үлдээгээд өөрөө уув. Удаах лонхны бөглөөг мултлаад өмнөхтэй адил хийхдээ ганц аягыг үлдээж өөрөө уулаа. Гутгаар лонхны бөглөөг мултлаад вискиг нь угаалтуур луу асгаад ганц аягыг үлдээж өөрөө уулаа. Дөтгөөр угаалтуураас бөглөөг мултлаад лонхыг аяганд цутгаж өөрөө уулаа. Дараагийн бөглөөнөөс лонхыг мултлаад нэг угаалтуурыг үлдээж өөрөө уугаад үлдсэнийг нь лонх руу асгав. Дараагийн аяганаас угаалтуурыг мултлаад бөглөөг нь лонхонд цутгав. Тэгээд угаалтуурыг аягаар бөглөж, вискиг лонхлоод, асгарсныг нь уулаа. Бүгдийг хоосолж дуусаад байшингаа нэг гараараа тэгшлээд, лонх, бөглөө, аяга болон угаалтууруудыг тоолж үзтэл хорин ес болов. Тэгэхээр нь юу ч гэсэн шалгаадахъя гээд ахин тоолтол далан дөрөв боллоо. Байшингууд ирэхийн хэрээр би тэднийг ахин дахин тоолсоор бүх байшин, лонх, бөглөө, угаалтуур, аягануудыг тоолж дуусаад ганц байшин, нэг бөглөө үлдээж өөрөө уулаа. Үгүй тэгээд, аан гээч анд минь. Захиж үлдээсэн ажлыг нь хийсний төлөө гэргий маань яагаад ч юм надад уурлаад байх юм.


Saturday, June 03, 2017

ХҮН УХААНТАЙ БАЙХ ЁСТОЙ!


Ухаантай хүн гэж их уншдаг, сайн боловсрол эзэмшсэн (ялангуяа хүмүүнлэгийн чиглэлээр бол), газар орон их үзэж, гадаадын олон хэлээр ярьдаг хүнийг хэлдэг гэх түгээмэл ойлголт бий.

Гэтэл эдгээрийг бүгдийг хангах хэрнээ огт ухаангүй, эсвэл аль нь ч байхгүй хэрнээ төрөлхийн ухаалаг хүмүүс байж болно. Ухаан гэж зөвхөн эрдэм мэдлэг биш харин бусдыг ойлгох чадварыг хэлдэг. Бусадтай маргалдахдаа хүндэтгэлтэй хандах, хоолны ширээнд биеэ аятайхан авч явах, бусдад мэдэгдэлгүйгээр туслах (мэдэгдэхгүй байх нь маш чухал), хүрээлэн буй орчноо нандигнаж тамхины иш, тааруухан бодол зэрэг хог новш (тааруухан бодол бол яахын аргагүй айхтар хог новш юм шүү) тараахгүй байх гэх мэт мянга түмэн энгийн зүйлс нийлж байж ухаалаг болно.

Оросын Умард нутагт миний танил хэдэн тариачин амьдардаг байлаа. Жинхэнэ ухаалаг хүмүүс гэж тэднийг л хэлэх байх. Орон гэр нь үнэхээр нямбай, цэвэрхэн. Сайхан дуу хуурыг дуртайяа сонсчихдог. Болсон явдал, хөгтэй зүйлсийг хуучлах дуртай. Ахуй амьдрал нь жигдэрсэн тайван. Найрсаг бөгөөд зочломтгой. Зовлонд учирсан, баярлаж хөөрсөн нэгнээ чин сэтгэлээсээ ойлгож ханддаг тийм л хүмүүс байдаг сан.

Ухаан гэж бусдыг ойлгох, мэдрэх, хорвоо ертөнц болоод хүний араншинд хүлээцтэй хандах чадварыг хэлдэг билээ.

Дмитрий Сергеевич Лихачев, “Сайн, сайхны тухай захидал” номын хэсгээс