Monday, July 06, 2015

Охиндоо ярих үлгэр #1

Миний охинд уншиж өгөөрэй! Enerlen Tsogchuluun
(Монголд байхад охиндоо зохиож ярьж өгч байсан үлгэрийн нэмж сайжруулсан эсвэл муужруулсан энэхүү хувилбар нь олон жилийн турш нэг буюу олон удаа уншсан эртний болон саяхны үлгэрүүд, хүүхэлдэйн кинонуудын үйл явдлаар баяжигдсан тул тэдгээрийн зохиогчийн эрхийг эдийн засгийн бус сэдлээр зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ миний өөрийн санаа ч байгаа гэдгийг цохон тэмдэглэх ёстой.) tongue emoticon
Эрт ээ урьдын цагт ах дүү хоёр эзгүй цөлд хоёулхнаа явж байжээ.
Хоёулаа алхаад л байж, алхаад л байж, бас дахин алхаад л байж. Зөндөө удаан алхаж байснаа ядраад газар суужээ. Ах нь үүрч явсан цүнхнээсээ даавуу гаргаж ирээд газар дэвсэж дүү охиноо хэвтүүлээд өөрөө хажууд нь сууж сүүдэр гаргав. Дүү охин нь зөндөө өлсжээ. Ах нь ч гэсэн мөн өлссөн байв. Даан ч тэр хоёрт идэх юм байсангүй. Ах нь дэмий л цүнхээ ухахад дүү охин ахынхаа гарыг дагуулан горьдлого дүүрэн харна. Байдаггүй ээ. Юу ч байхгүй. Ах цүнхээ уутлахаа болилоо. Хэсэг амраад дахиад л цаашаа алхлаа. Алхаад л байж, алхаад л байж, бас зөндөө удаан алхаад л байж. (энэ хэсгийг хүүхдийн нойр хүргэх хэмжээгээр удаан, аяархан, залхуутай уншууштай кк)
Хэр удаан юм бүү мэд зөндөө алхаж явтал ах дүү хоёрын замд нэг эмгэн тааралдлаа.
“Сайн байна уу, эмээ?” гэж ах дүү хоёр мэндэллээ. Их мундаг хүмүүжилтэй сайн хүүхдүүд болохоороо тэр хоёр хүмүүстэй дандаа мэндэлдэг юм.
“Сайн. Сайн байна уу, хүүхээд?” гэж эмээ хариу мэндлэв.
“Эмээ та ядраа юу?” гэж дүү охин асуув.
Эмгэн ядарч явсан тул “Тийм ээ. Жаахан ядарч байна” хэмээн хариуллаа.
“Та миний дэвсгэр дээр жаал сууж амрах уу?” гэж охин санал болгоход эмгэн дуртайяа зөвшөөрөв. Ах нь цүнхээ уутлаад дүүгийнхээ дэвсгэр даавууг гаргаж, газар дэвсэхэд эмгэн түүн дээр таатай нь аргагүй хэвтэж амарна.
“Сайхан хүйтэн ундаа байсан болоосой” гэж эмгэн хүслээ.
“Ах бид хоёрт идэх, уух юм байхгүй ээ. Уг нь танд өгмөөр л байна” гээд охин уруу царайлаад хөөрхөн бондгор гэдсээ булцгар гараараа нэгэнтээ илэв.
Эмгэн тэр хоёрыг сонжин хэсэг харзнаснаа “Эмээд нь уг нь ч нэг юм бий л дээ” гэхэд ах дүү хоёрын нүд нь сэргээд ирэв. Мойногшсон туранхай хуруутай гараараа энгэрээ ухах зуураа “Та хоёр уншиж, бичиж чадах уу?” гэж асуулаа.
“Би цэцэрлэгийн хүүхэд ээ” хэмээн дүү охин цовоо хариулав. Ах нь харин “Би саяхан бэлтгэл ангид орсон” гэлээ.
Эмгэн өврөөсөө ардаа баллууртай жижигхэн харандаа гаргаж ирээд ийн хэлэв.
“Би даан ч багадаа бичиг үсэг сураагүй болохоор энэний шидийг үзэж чадахгүй л явна. Уг нь ид шидтэй шиг байгаа юм. Хүссэн зүйлээ бичээд, харандааны бөөрөн дээрх бичгийг уншихаар биелдэг гэдэг. Хөгшин зөнөг би бичиг мэдэхгүйн дээр хараа муутай. Миний хоёр хүүд бичих цаас бий юу?”
Ах нь цүнхээ уутлаад нэг үнгэгдсэн цаас гаргаж ирэхэд эмгэн түүнд харандаагаа өгөв.
“Юу гэж бичих вэ, эмээ?” хэмээн ах нь асуулаа.
“Юу хүсч байна?”
Хүү духаа үрчийлгэн хэсэг бодсоноо “Уг нь их олон юм хүсч байна. Тэгэхдээ би тэд нарыг бичиж мэдэхгүй. Дөнгөж бэлтгэл ангийн хүүхэд шүү дээ би чинь. Тэгэхээр эхлээд хоол гээд л биччихье, тэгэх үү, эмээ?” гэж асуулаа.
“Тэг ээ, миний хүү.”
“Агаа надаа ундаа бичээд өгөөч, ам цангаад байна” гэж дүү охин хажуугаас нь нэмэрлэв.
Ах бодлоо. Хоол гэж бичихэд ямар үсэг ордог билээ? (Бэлтгэл ангийн бацаануудаас энийг асууж болно шүү хэхэ) Бодож бодож “Хоолны газар” гэсэн бичигтэй газруудын нэрийг санаад бичлээ.
Ахыг бичээд дуусаад харандааны хажууд байсан "Нэлрэнэ" гэсэн бичгийг уншив уу үгүй юу гэнэт тэдний дунд нэг жижигхэн ширээ гараад ирэх нь тэр. Ширээн дээр яг л хоолны газар байдаг сайхан амттай, шинэхэн хоол ундаатай хамт өрөөтэй байна.
“Эмээ, босоорой, хоолтой болчихлоо” гэж охин баярлан уулга алдав.
Гурвуулаа сайхан цадаж аваад илүү гарсныг ах нь хоёр хуваагаад нэгийг өөрийн цүнхэнд, нөгөөг эмгэнд өгөв. Эмгэн өөрийн хувийг авч талархаад, салах ёс хийн цааш эргэлээ.
Гэдэс нь цадсан ах дүү хоёр инээлдсээр замаа хөөн одлоо. Хэсэг алхаж байснаа ах нь “Өө би эмээгийн харандааг буцааж өгөхөө мартсан байна” гээд эргэн гүйв. Хөгшин болохоор эмгэн холдож амжаагүй байжээ.
“Эмээ, би таны харандааг өгөхөө мартсан байна. Май” гэсээр хүүг очиход эмгэн баярлан мишээж “Миний хүүхдүүд ав аа. Би наадахын чинь хэргийг гаргаж чадахгүй юм чинь, хэрэгтэй хүндээ байж байг дээ” гэлээ.
“Баярлалаа, эмээ” гээд ах дүү хоёр буцаад замдаа оров.
Хэсэг явж байснаа ах нь “Эмээд дахиад жаахан хоол бичээд өгчихдөг юм бил үү?” гээд эргэтэл эмээ ор мөргүй алга болсон байлаа. “Сонин юм даа. Дөнгөж сая л тэнд зогсож байсан шүү дээ” хэмээн гайхаж байхад дүү охин болсон явдлыг огт анзаараагүй амандаа дуу аялан алхаж явлаа.
Үргэлжлэл бий.