Wednesday, October 28, 2020

Омо

 Омо нэг урт ноосон ороолт гартаа барьчихаж. Нэг үзүүрийг нь зангидаад нөгөө үзүүрт нь бас урт гэгчийн цагаан даавуу уячихсан байна. Тэгээд зангидсан үзүүрийг надад шидэж өгөөд тат гэнэ ээ. Би татлаа. Татаж ухраад ажлынхаа өрөө рүү орохдоо ороолтыг хаалганы завсар хавчуулчихав. Омо зайлуул цаанаас нь татаад л байна. Янз нь олс таталцдаг тоглоомын дүрмээр үзээд байгаа бололтой. Би ч өрөөний наана цаанаас хэсэг таталцаж байснаа гэнэт хаалга нээнгүүтээ ноосон ороолтыг тавьчихсан чинь буцаж харваад яг улаан нүүрэнд нь бууж байгаа харагдах юм. Ганцаараа элгээ хөштөл инээв. Зүүд байна даа гэж бодогдоход удахгүй сэрчих байх даа гэсэн харуусал ч төрөх шиг. “Зүүд мөн ч бай, биш ч бай миний амьдрах хугацаанаас адилхан л хумсалж байгаа юм чинь жаргалтай сайхан л өнгөрч байвал барав” гэсэн айхтар гүн ухаанлаг бодол бас тархины мухарт шигдэж хоцорсон нь таатай ч юм уу. Омодоо хайртай шүү.

Wednesday, October 21, 2020

Mina - Città vuota

Mina - Città vuota (Dolce & Gabbana Spot)

Le strade piene, la folla intorno a me
mi parla e ride e nulla sa di te
io vedo intorno a me chi passa e va
ma so che la città
vuota mi sembrerà se non ci sei tu
C'è chi ogni sera mi vuole accanto a sé
ma non m'importa se i suoi baci mi darà
io penso sempre a te, soltanto a te
e so che la città vuota mi sembrerà se non torni tu,
come puoi tu vivere ancor solo senza me
non senti tu che non finì il nostro amor.
Le strade vuote, deserte sempre più
leggo il tuo nome ovunque intorno a me
torna da me amor e non sarà più vuota la città
ed io vivrò con te tutti i miei giorni
tutti i miei giorni, tutti i miei giorni



Monday, October 19, 2020

Ганц улаан навч

Саруул доовтрын англи руу орчуулсан энэ шүлгийг өөрийн хувилбараар нэг буулгаж үзмээр бодогдов.
A lone scarlet leaf
Flew so high, yet
As it dropped on the ground,
I cover my face
In agonizing sadness
By the thought of you.

***

Ганц улаан навч
Тийм дээр хөөрч
Газар алгадан унахад нь
Гараар нүүрээ таглан
Тэсгэлгүй гашуунаар
Чиний тухай бодлоо.
(Дашийн Оюунчимэг, 2000)
When a single red leaf
Flew very high
Then fell to the ground,
I covered my face in my hands,
And thought about you
With an intolerable melancholy.
(Translation and photo by Migmaryn Saruul-Erdene)

Saturday, October 17, 2020

ДУУЛАХ ДУУГААРААН АЛГУУРХАН НАМАЙГ АЛСААР

 Роберта Флакийн "Killing me softly with his song" гэдэг дууг монгол руу буулгасын. Хоббиг яалтай ч билээ.


Цагийг эзэлсэн бүтээлүүд гэж байдаг. Роберта Флакийн энэ дуу бол яахын аргагүй тэдний нэг. Сонсох дуртай дуунуудынхаа нэгийг монгол хэл рүү буулгая гэж хааяа боддог байснаа өнөөдөр ийнхүү гүйцэлдүүлэв. Таалан болгооно уу. *** Бичлэгийг энэ хаягаас сонсонгоо уншаарай. https://www.youtube.com/watch?v=dpNdMIAnKko

*** ДУУЛАХ ДУУГААРААН АЛГУУРХАН НАМАЙГ АЛСААР Хурууныхаа үзүүрээр зовлонг минь хөндөн гижигдээд Хэлэх үгсээрээ амьдралыг минь хүүрнэн өгүүлээд Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хэлэх үгсээрээ хамаг амьдралыг минь хүүрнэн өгүүлж Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Сайн дуу дуулж гэж би түүнийг сонслоо Сүрхий хэв маягийг нь ч бас дуулсан Хэр дуулахыг нь сонсоюу гэж зорин очив Хэсэгхэн азнаж дууг нь анирдав Тэнд байж байна, залуухаан хүү Тэр хүү, өмнө хараагүй үл таних тэр. Хурууныхаа үзүүрээр зовлонг минь хөндөн гижигдээд Хэлэх үгсээрээ амьдралыг минь хүүрнэн өгүүлээд Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хэлэх үгсээрээ хамаг амьдралыг минь хүүрнэн өгүүлж Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Халуу дүүгэж хамаг бие минь бадайрав Хүрээлэн буй улсаас жигтэйхэн зовов Бичсэн захиаг минь олж аваад Байгаа бүх хүнд чангаар уншиж байгаа мэт Удахгүй зогсоосой гэж дотроо залбирсан ч Улам л цаашаа зогсолгүй явсаар Хурууныхаа үзүүрээр зовлонг минь хөндөн гижигдээд Хэлэх үгсээрээ амьдралыг минь хүүрнэн өгүүлээд Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хэлэх үгсээрээ хамаг амьдралыг минь хүүрнэн өгүүлж Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хамаг зовлон зүдгүүр юутай минь Хуучин танил мэт дуулж орхих шиг Намайг тэнд байхгүй мэт Нэгд нэгэнгүй нэвт харах юм, гэхдээ Цангинатал дуулах л гэж тэр иржээ Цэвэр тунгалаг, тод хоолойгоороо Хурууныхаа үзүүрээр зовлонг минь хөндөн гижигдээд Хэлэх үгсээрээ амьдралыг минь хүүрнэн өгүүлээд Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар Хэлэх үгсээрээ хамаг амьдралыг минь хүүрнэн өгүүлж Дуулах дуугаараан алгуурхан намайг алсаар *** Монголчлон буулгасан: Д.Цогчулуун 2020.10.17 Интернэтээс хэзээ нэгэн цагт хувийн цуглуулгад хуулж авсан зургийг чимэг болгон зүүлээ.

Wednesday, October 14, 2020

Amado Mio - Pink Martini ft. Storm Large

 Юун аятайхан дуу олчихов. Яасан ч хоот хоот хүүхэн дуулсан юм. Хэй гэж байгаад бүжиглээд эхлэхэд нь сэтгэл ч их хөдлөв. За яах вэ, бүрээг хэн тоглож байгааг бас хүмүүс мэдэх хэрэгтэй л байх, уг нь эмэгтэйгийн бүжгийг үргэлжлүүлээд хармаар л байсан. Далан дээрх шивээс нь бас яасан ч күүл юм. Сторм Ларж гэдэг нэртэй гэнэ.

Шивээс нь "LOVER" гэж байгаа гэнэ, мань хүн залуудаа кикбоксын клубт явдаг байж. Тэндхийн эрчүүд нь алуурчин энэ тэр гэсэн аймаар аймаар үгтэй шивээсүүдтэй байж л дээ. 2015 оны нэг ярилцлагадаа Сторм өөрөө ингэж ярьсан байна.
- Дал хавсарсан шивээс хийлгэвэл зэвүүн байх болов уу гэж бодсон, гэхдээ нэг аятайхан үг бичүүлмээр санагдаад. Тэгээд ч намайг "амраг" гэсэн үгээр бүрэн төлөөлж чадна. Хорин хоёр гуравтай байсан тэр үед бол нэг их сүртэй санагдаагүй ч одоо ингээд харахад бол ёстой төгс зохицол. Харахад бол нэг тийм зэвүүн боловч дотроо би тийм энхрий, өр нимгэн, уян зөөлөн, гунигтай амьтан шүү дээ. Яг таарсан зүйрлэл байгаа юм.





Sunday, October 11, 2020

МАНДОСЫН ЭШ ЛҮНДЭН БА ГҮРТАНГИЙН ЦАДИГ

Бөгжний эзэн гурамсан романд гарч буй ертөнцийн үүсэл гарлын тухай домгийн цоморлиг Силмариллионыг уншиж байхдаа хамаг элфүүдийн дунд хүчин чадал, мэдлэг оюунаар нэн хэтийдсэн Нолдорын Фэанор болон хүмүүсийн дундаас ид хав, бяр чадлаар тэргүүнд жагсахуйц Тавилан эрхшээгч хэмээх Турины адал явдлыг маш ихээр сонирхон уншиж, өрөвдөн хайрлаж асан билээ. Дан ялангуяа Туран Туранбар манай Хонгор шиг л төөрөлдсөн дүр байсан даа. Морготын хараал түүнд л хамгийн хүнд буусансан. Тиймдээ ч Мандосын эш лүндэнд түүнийг хар илдийнх нь хамт дуудсан буй за.

***


МАНДОСЫН ЭШ ЛҮНДЭН БА ГҮРТАНГИЙН ЦАДИГ Толкин гуайн уран сэтгэмжээс ургасан Думдад Ертөнцийн домог цадигт орших амьд бүхний өстөн болох Моргот хэмээх Мелкорын эсрэг эцсийн тулааныг Дагор Дагорат гэх бөгөөд тэр тухай Мандосын хоёр дахь эш лүндэнд зөгнөн хэлсэн буй. Юу гэсэн бэ хэмээвээс: *** МАНДОСЫН ЭШ ЛҮНДЭН Тийнхүү бурхад Валинорт цуглан сууж, шүүн хэлэлцэж ахуйд Мандосын буулгасан эш лүндэн Өрнийн хамаг элфүүдийн дунд шивнээ болон түгэвэй. Орчлон хөгширч, хүчис бөхөхийн цагт сахиул цалгардан бүхийг мэдсэн Моргот шөнийн үүдээр он цаг үгүй чанад орчноос эгэн ирж Наран болон Саранг устгах бөлгөө. Гэвч Эарэндил түүний дээрээс цаглашгүй цагаан хилэнт дөл болон бууж агаар тэнгэрээс унагах буюу. Тэр цагт Эцсийн тулаан Валинорын хээр талд болно. Тэр өдөр Тулкас Морготын эсрэг тулах бөгөөд баруунтай нь Эонвэ, харин зүүнтэй нь Хурины хөвүүн Турин Турамбар хорвоогийн төгсгөл дэх хүмүүний мөхлөөс эгэн ирж байраа эзлэх ба Турины хар илд Морготын үхлийг дагуулан бууж тонилгохуйяа Хурины хөвүүдийн, бас бүхий л Хүмүүний өсийг тийнхүү тайлах бөлгөө. Түүний дараа дэлхийг тараан буулгаад ахин эвлүүлэхэд дээрээс Эарэндил буун ирж өөрт гэрэлтэж асан дөлийг эгүүлж өгснөөр тэнгэр, газар, далайд алга болсон силмарил эрдэнэс дахин олдох буюу. Тэгэхэд Фэанор гурван эрдэнийг бутлан хагалах ба тэрхүү галаар нь Яванна хос моддоо ахин асаахад аугаа гэрэл гийгүүлэн цацрана. Дараа нь Валинорын уулсыг газарт тэгшлэн нурааж мөнхүү Гэрэл бүхий л орчлонгоор түгэн гэрэлтэнэ. *** ГҮРТАНГИЙН ЦАДИГ Эш лүндэнд хүртэл нэр багтсан энэ “Хар илд” гээч нь тэгвэл юу билээ? Эол хэмээх хар элфийн дархан тэнгэрээс гал маналзуулан бууж ирсэн солирыг хайлан Англахел, Ангуирел хэмээх хоёр илд урласан нь дэлхийн ямар ч илдийг тас цавчих чадалтай. Нэрсийг нь хөрвүүлвээс “Дүрэлзэх одны илд” болон “Мөнхийн одны илд” гэж бууна. Англахелыг Эол өөрийн эзэн ноён болох Дориатын хаан Тинголд шүд зуун байж өргөн барьсан нь Нан Элмотод оршихыг зөвшөөрсний төлөө билээ. Илдний ижил Ангуирелыг Эол өөртөө хадгалж байсан боловч хожим өөрийн нь хөвүүн хулууж одсон гэдэг. Нэгдүгээр эриний 473 онд харанхуйн эзэн Морготод олзлогдсон эцэг Хурины нь зүйрлэшгүй гавъяаг дурсаж есөн настай хөвүүн Туриныг Тингол өөрийн асрамжид авчээ. Өсөж торнисон Турин харуул ангийн тэргүүн элф Бэлэг Куталионы хамт гарамгай тулалдах болж цагийн эрхээр Дориатын хил хязгаарын хамгаалалтад нэр нь түгэн цуурайтах болсон юм. 484 онд золгүй явдлын улмаас Турин нэгэн элфийн аминд хүрч орхисон тул Тинголын хилэгнэхээс эмээсээр оргон оджээ. Буруу бодоогүй гээд эргүүлэн залахаар Тингол хаантан Бэлэг Куталионыг араас нь илгээхэд оркуудыг цавчсу хэмээн Англахелыг хүсчээ. Хатан хаан Мелиан тэгэхэд анхааруулан хэлрүүн: - Энэхүү илдэд атхаг санаа үүрлэн буй. Урласан дарханы зүрх өнөө хүртэл оршино, зүрх нь түнэр харанхуй. Өөрийг нь эзэмдэн буй гарыг энэрэн хайрлах сэтгэл үгүй, чиний гарт мөн удахгүй болой. Бэлэг Туриныг 485 онд Дориатын өрнөтэйд орших зэлүүд нутагт өөрийн төрөл нэгт босуул хүмүүстэй сууж бүхүйд нь олж очсон боловч бардам залуу Дориатад ахин хэзээ ч очихгүй хэмээн тангараглажээ. Хойд жил нь Бэлэг босуулуудад туслахаар очсон бөгөөд 489 онд оркуудын довтолгооноор Турин олзлогдож, Бэлэг амьд гарсан байна. Тэр үеийг хүртэл хошууч хоёрын Морготтой хийсэн олон амжилттай тулаан ихэд зартай байсныг Силмариллионд ийн дурдсан байдаг. “Мэнэгротод, бас Нарготрондын гүн танхимуудад, бүр нууцат ханлиг Гондолинд хүртэл хоёр хошуучийн үйл алдаршин түгэж байсан ба Ангбандад ч тэднийг мэддэг байв.” Туриныг чөлөөлөхөөр мордсон Бэлэг замдаа Нарготрондын Гвиндор хэмээх элфтэй таарч дагуулан явсан ба оркуудын хүлэгт ухаангүй хэвтэж асан Туриныг олж суллахуйд хатан хаан Мелианы үгс биеллээ олох тавилантай байжээ. Оркуудад замын турш тамлуулан тарчилж байсан Турин гэнэт ухаан орох үед шөнийн харанхуйд дээрээс нь хэн нэгний бараан дүрс илд барин тонгойж байхыг хараад оркууд ахин тамлахаар ирэв хэмээн эндүүрч их дуу гарган бархирч огло үсрэн босоод Англахелыг шүүрэн авч өөрийн итгэлт анд Бэлэг Куталионыг цавчин алж орхив. Хийсэн үйлдээ цочирдон балмагдаж амьгүй мэт болсон Туриныг Гвиндор өөрийн нутаг Нарготрондод аваачна. Англахелыг тэнд хий дэмий хэвтэж байхаар хэзээ нэгэн цагт Морготын албатуудыг цавчихад хэрэг болуужин хэмээн бас авч явжээ. Дараа нь илдийг Туринд өгөхөд тэрээр илдийг ахин хайлж давтаад Гүртанг буюу Үхлийн илд гэж шинээр нэрлэжээ. Өөрийг нь ч Мормегил буюу Хар илдэт гэж нэрлэх болсон ба тэрбээр хаад болон иргэдийн дунд ихэд нөлөөтэй болсон байна. Мормегил өөрийн эд хавт эрдэх болсон ба түүний ятгалгаар элфүүд өөрсдийн нууцаар хориглон байлдах аргаа орхиж ил задгай тулалдах болсон нь Нарготрондын мөхлийг дуудсан юм. 495 онд Глаурунг луу Морготын цэргийг дагуулан элфүүдийг даран сөнөөсөн ба Глаурунгийн шившлэгээр Нарготрондоос олзлогдсон улсыг суллахын оронд Турин умар зүг өөрийн эх нутаг болох Хитлам руу явж тэнд бас л бөөн хэрэг тарьжээ. Хитламаас явсан Турин 496 онд Дориатын өрнөтэй байрлах Брэтилийн хөвчид ирэхэд тэндхийн ардууд түүнийг Мормегил гэдгийг нь мэдсэн хэдий ч өөрсдийн нэг болгон хүлээн авав. Турины араас эрлээр явсан дүү охин Ниенор нь Нарготрондын ойролцоо мөнөөх Глаурунг луутай тааралдаж мөн л шившлэгт өртөж ой санамжаа бүрэн алдаж хэрэн тэнэсээр Брэтилд Туринтай таарсан ба тэд 498 онд гэр бүл болжээ. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байсан тул Ниниэл хэмээн дууддаг байлаа. Хойд жил нь Глаурунг Нарготрондоос хөдөлж Бретил рүү довтлохоор зэхэв. Турин луутай хүчээр бус аргаар тулалдах нь зөв гэж үзсэн тул нууцаар угтан оджээ. Тейглин мөрнийг гатлахын өмнө луугийн буудалласан нарийн бөгөөд гүн жалгын доороос өгсөн очиж хар илдийнхээ бариулыг далдартал луугийн хэвлийд хар хүчээрээ дүрж орхижээ. Глаурунгийн халуун цус годгодон Туриныг бүрхэхэд хоронд нь мансуурч үхэтхийн унав. Эр нөхрөө луугийн авд мордсоныг дуулаад хөл хүнд Ниенор нэхэн одсон ба цусанд будагдан хэвтэх нөхрийн нь дэргэд хараахан үхээгүй байсан Глаурунг түүнийг төрсөн ахтайгаа дэр нэгтгэснийг нь хэлэхэд уй гашуугаа барьж дийлээгүй бүсгүй Тейглин мөрөнд үйж үхжээ. Дараахан нь ухаан орж сэргэсэн Туринд хотын захирагч Брандир эхнэрийнх нь үхлийн талаар, мөн өөрийнх нь дүү охин байсныг нь Глаурунгийн ярианаас олж мэдсэнээ хэлэхэд худал хэлэв хэмээн хилэгнээд хөнөөж орхисон боловч сүүлд нь ирсэн Дориатын элфүүд тэр явдлын үнэн мөнийг хэлсэн юм. Өөрийн ухвар мөчид үйлдлийг мэдсэн Турин солиорсон мэт инээсээр Тейглин мөрөнд эргэн очиж өөрийн амийг хөнөөхөөр зэхэв. Илдээн сугалж гаргаад: - Үхлийн илд Гүртангийн алдар бадартугай, одоо чи л гагцаар үлдэв! Өөрийг чинь эзэмдэх гараас өөр ямар эзэнд үнэн хүчээр зүтгэх билээ? Хэний ч цусыг асгаруулахаас эс буцах билээ чи. Турин Туранбарын амийг авах уу чи? Амийг минь чи тасдаж өгөх үү? – хэмээн асуув. Илд мөс мэт хүйтэн дуугаар хариу хангинав. - Тийм ээ. Цусыг чинь би ууж өөрийн эзэн Бэлэгийн цусыг, мөн хилс хөнөөгдсөн Брандирын цусыг ч бас мартсу. Чамайг би үтэр түргэн хөнөөж өгсү. Турины цогцос доор Гүртанг хамхарсан байсныг олж булшных нь дэргэд байрлуулжээ. Булшин дээр асар том саарал чулуу байрлуулж Дориатын үсгээр “ТУРИН ТУРАМБАР ДАГНИР ГЛАУРУНГА” (Турин, Тавилан эрхшээгч, Глаурунгийг мөхөөгч) гэсэн бичиг сийлжээ. Харин доор нь НИЕНОР НИНИЭЛ хэмээн сийлсэн боловч бүсгүйн цогцсыг Тейглин мөрний усан хаашаа аваачсаныг хэн ч эс мэднэ. *** Бөгжний эзэн гурамсан романд гарч буй ертөнцийн үүсэл гарлын тухай домгийн цоморлиг Силмариллионыг уншиж байхдаа хамаг элфүүдийн дунд хүчин чадал, мэдлэг оюунаар нэн хэтийдсэн Нолдорын Фэанор болон хүмүүсийн дундаас ид хав, бяр чадлаар тэргүүнд жагсахуйц Тавилан эрхшээгч хэмээх Турины адал явдлыг маш ихээр сонирхон уншиж, өрөвдөн хайрлаж асан билээ. Дан ялангуяа Туран Туранбар манай Хонгор шиг л төөрөлдсөн дүр байсан даа. Морготын хараал түүнд л хамгийн хүнд буусансан. Тиймдээ ч Мандосын эш лүндэнд түүнийг хар илдийнх нь хамт дуудсан буй за. *** Монголчлон буулгасан: Д.Цогчулуун 2020.10.11 Зураг дээр итгэлт анд Бэлэг Куталионыг таниад бахардаж буй Туриныг дүрсэлжээ. Зураач: Тэд Насмит (https://www.facebook.com/ted.nasmith) Зургийн болон мэдээллийн хураангуй эх сурвалж: https://imgur.com/gallery/vzp9G9F

"...men were forced to labour"

Зурагтаар юуны ч тухай билээ нэг юм ярьж байлаа л даа. "...men were forced to labour" ("Эрчүүдийг хүчээр ажиллуулж байлаа" гэх ухааны юм)

Манай нөгөөх тэгсэн чинь гэнэт:
- Пөөх, - гээд л уулга алдаж байна.
- Яасан?
- Энийг сонсов уу?
- Юуг?
- Men were forced to labour гэж байна шдээ?
- Тэгээд?
- Men were forced to labour гэж байна? - гэж хэлээд өнөөх чинь хэвлий, давсаг зүг рүүгээ зааж байна аа.
- Аан. Labour гэж хөдөлмөр. Ажил хийхийг хэлж байгаа юм.
- Өө, тийм байлгүй дээ. Гайхлаашт.
гэсэн яриа өнөөдөр болж өнгөрсөн бөлгөө.

Sunday, October 04, 2020

Хот

 Өнөө өглөө мань атаман:

- Аав, таны үед хот гэж байсан уу? - гэж асууж байдаг шүү.
- Байсаан, - л гэлээ. - Арай цэвэрхэн, сэлүүхэн байсан даа, - гэж араас нь нэмж хариулсан.