Tuesday, February 14, 2017

Б. Ринчин: Юуны магад

"Гуч хүрээд би сая тогтнолоо." - КУНЗ.
Дөч хүрээд би сая тогтниюу. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж ч магад буюу. Тэгвэл, сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэг, зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр нь ачий нь магтан хариулаюу.

Цаст уулын оргилоос цагаан болоюу, толгой минь. Тэгээд мөнх билгийн налина лянхуа цэцэг, сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу. Тэгвэл, гайхамшигт сайхан цэцэгийн анхилмал үгээр, намайг сурган хүмүүжүүлсэн Багш нарынхаа ачий нь магтан хариулаюу.

Сэтгэл минь гүн нуураас амгалан болоюу. Тэгээд үгсийн уран бүтээлч болж ч магад буюу. Тэгвэл, сэтгэлийн чин үгээр хүсэн сэтгэхүйн гайхамшигт сайхан орд босгон, гялалзсан үзэсгэлэн гоогоор нь төрсөн нутаг, ард түмэндээ ачий нь магтан хариулаюу.

Санаа сэтгэл минь одооныхоос сайхан болоюу. Тэгээд үгсийн уран барималч болж ч магад буюу. Тэгвэл, сэтгэл зүрхнийхээ нандин бодлын гантигаар хүсэн сэтгэхүйн гайхамшигт хөрөг бүтээн босгож, дур булаам арвисын үзэсгэлэнгээр нь, ард түмнийхээ ачтан хөвүүдийн ачий нь магтан хариулаюу.

1932.2.10.

No comments: