Sunday, February 12, 2017

Багын явдал #4

Ариунсанаа гэж үеэл байлаа. Байлаа ч гэж одоо ч гэсэн байгаа л даа. Насаар арай эгчмэд учраас бидний хэдэн тэрсхэн хөвүүдийг тувт шоглоно. Урт үсээ урдуураа унжуулж, нүдээ бүлтийлгэхээр нь жинхэнээсээ айж, үнхэлцэг хагарах шахдагсан. Жорлонгийн суултуурнаас мангас гарч ирдэг, гэхдээ дээрээс нь давс цацаж байгаад шээвэл доороос гарч ирж чаддаггүй гэж хэлсэнд нь үнэмшсэнээс болоод жорлон орж шээж чадахгүй давсгаа чинэртэл явцгаадаг байлаа шүү дээ.
Нэг зун бид хэд Эрдэнэтэд байдаг нагац ахындаа сурагчийн амралтаар цугларч таарсан юм. Бидний хэдэн эрчүүд нийлж байгаад байнга биднийг чадаж, шоглож байдаг эгч нараас салах гээд хор найруулж билээ. Шууд утгаараа шүү. Баахан эм, тэгээд харагдсан хортой гэж бодогдохуйц бүх юмыг хольж хийгээд сүүлдээ ч нөгөөх маань бараг жинхэнэ хор болсон байх аа.
Охин маань "хор" найруулж байна гээд элдэв өнгөтэй уусмалууд холиод, зэвүүн зэвүүн инээгээд байхыг хараад урд өмнөхөө эрхгүй санагалзаж дурсамжаа хуваалцав.
"Үеэлээ алсан уу" гэж үү? Алаагүй ээ. Яг цаг нь болоход нээрээ үхчих байх гэж бодсон уу яасан өгч төвдөөгүй юм.

No comments: