Monday, January 18, 2016

Леонард Коэны Халлелүя дууны талаар

Леонард Коэны Халлелүя дууны талаар жаал хүүрнэсү. Энэ дууг би Бурхны магтуу дуу биш гэж боддог талаараа фэйсбүүк дээр бичсэнтэй холбоотой яриа гарсан тул ер нь юу гэсэн утгатай юм бэ гэдгийг нь жаал эргүүлж тойруулж харсныг энд сийрүүлье гэж шийдсэн юм. Дууны үгийг харин их муухай орчуулж монголчилсон байгаа шүү. Өршөөнө биз.

Хүмүүс энэ дууг бурхны магтуу дуулал гэж боддог юм шиг байгаа юм. Библиэс их эш татсан байдаг болохоор тэгж бодох нь аргагүй л дээ. Анх энэ дууг бичихдээ 80 гаруй бадаг зохиосон гэж ярьдаг. Зочид буудлынхаа шалан дээр хэвтээд л зохиогоод байсан гэх. Ихэнх тоглолтууд дээрээ нийтлэг хувилбараар дуулдаг ч зарим газар өөр өөр бадаг оруулж дуулж байсан гэх нь бий. Тэгэхээр ямар ч байсан яг энэ хамгийн сүүлийн хувилбар гээд бариад хэлчих үг байхгүй байна. Мөн энэ дууг өөрөөс нь гадна маш олон дуучид хуулбарлан дуулахдаа өөр өөрсдийн стиль онцлогт тааруулж дуулсан нь бий.

За юуны өмнө энэ дууны амин сүнс болсон үгийг ярьцгаая. Халлелүя. Үгийн шууд утга бол “Бурхны алдар бадартугай” ч юм уу тэр хавьцаа. Харин орчин цагт өргөн хэрэглээнд, нэн ялангуяа ярианы хэлэнд, “Амьдрал гайхамшигтай” гэсэн шилжмэл утгатай болоод байгаа юм.

Леонард Коэний энэ дууны талаар ярилцлагууддаа ярьж байснаас эш татвал:

I wanted to get into this tradition of the composers who said “Hallelujah”, but with no precisely religious point of view.” (Халлелүя хэмээн уулга алдсан уран бүтээлчдийн уламжлалыг дагахыг хүссэн юм. Гэхдээ яг шашин гэсэн утгаараа биш.)

It’s, as I say, a desire to affirm my faith in life, not in some formal religious way, but with enthusiasm, with emotion” (Энэ бол миний хэлж байсанчлан амьдралд итгэх итгэлээ зарлан тунхаглах гэсэн хүсэл минь юм. Шашин мөргөлийн ёсоор биш харин сэтгэл хөдлөл дүүрэн хүсэл эрмэлзлэлтэйгээр.)
(Leonard Cohen interview, 1985)
I wanted to write something in the tradition of the hallelujah choruses but from a different point of view” (Халлелүягийн дахилтууд шиг боловч өөр өнцгөөс харсан тийм зүйл бичихийг би хүссэн юм.)

(Leonard Cohen interview, 1995)
There is a religious Hallelujah, but there are many other ones. When one looks at the world and his proper life there’s only one thing to say, it is ‘Hallelujah’.” (Шашны утгатай Халлелүя байна, бас өөр олон төрлийнх ч байна. Хэн нэгэн хүн хорвоог хараад, өөрийн сайхан амьдралыг хараад өөрийн эрхгүй хэлэхийг хүсдэг тийм төрлийн Халлелүя.)

The Hallelujah, the David’s Hallelujah, was still a religious song. So I wanted to indicate that Hallelujah can come out of things that have nothing to do with religion.” (Давидын дуулдаг Халлелүя бол шашны дуу. Тиймээс би Халлелүяг дан шашных биш өөр зүйлсээс ч олж харах боломжтой гэдгийг тодруулахыг хүссэн юм.)

And then I realize there is a Hallelujah more general that we speak to the world, to life.” (Тэгээд би хорвоод, амьдралд хандсан хавьгүй өргөн хүрээтэй Халлелүя байна гэдгийг ойлгосон.)

(Leonard Cohen interviews, 1985-1988)

За өөрийнх нь хэлж байсан үг, яриагаар бол шашны дуу биш гэдэг нь тодорхой боллоо. Одоо тэгэхээр дууны үг рүү оръё. Дууны үгийг утгачилан орчуулж байгаа тул чихнээ сонсголонгүй байх магадгүй тул урьдчилаад хүлцэл өчье.

Now I've heard there was a secret chord
That David played, and it pleased the Lord
But you don't really care for music, do you?
It goes like this
The fourth, the fifth
The minor fall, the major lift
The baffled king composing Hallelujah 
Давидын тоглож, Эзэнтний таалсан
Нууцлаг нэгэн аялгуу байсан гэж би сонссон.
Гэхдээ чи хөгжим сонирхохгүй байна, тийм үү?
Нэг иймэрхүү маягаар
Дөрөв дэх, тав дахь гээдЯлимгүй доошилж, огцом дээшлээдЯахаа мэдэхгүй хаантан Халлелүяг бичнэ.

[Библи дээрхээр бол Давид хаан болохоосоо өмнө хөгжимчин байсан бөгөөд өөрийн уянгалаг хөгжмөөрөө Саул хааны сэтгэлийг тайтгаруулдаг байсан. Мөн Эзэн буюу бурхан түүний хөгжимд их дуртай байжээ. Эхний хоёр мөрт дуучин хэн нэгэнд хандаж ярьж байна. Дуучин маань тэр хэн нэгэнд сэтгэлтэй бөгөөд өөрийгөө Давидаар төлөөлүүлж, сонсогчийг Эзнээр төлөөлүүлж байгаа санаатай. Гэхдээ сонсогч өөрийнх нь хөгжим буюу сэтгэлийг нь татах гэсэн оролдлогыг тийм ч их сонирхохгүй байгааг анзаарч байгаагаа гуравдугаар мөрөөр илэрхийлсэн. Дөрөв тав дахь мөрүүд бол дуучны сэтгэлээ илчлэх гэсэн оролдлогуудыг илчилж байгаа бөгөөд яахаа мэдэхээ байсан учраас сэтгэлтэй хүндээ зориулсан “Халлелүя”-г бичиж байна. Библид Давид хааныг “Baffled king” хэмээн хэлсэн байдаг. Харин дуун дээр Давидаар төлөөлүүлсэн дуучинг хэлж байгаа.]

Your faith was strong but you needed proof 
You saw her bathing on the roof
Her beauty and the moonlight overthrew you
She tied you to a kitchen chair
She broke your throne, and she cut your hair
And from your lips she drew the Hallelujah
Итгэл чинь хүчтэй байсан ч чамд нотолгоо хэрэгтэй
Дээвэр дээрээ усанд орж байхыг нь чи хараад
Сарны гэрэл, үзэсгэлэн гоо хоёрт унажээ.
Сандалд хүлээд тэр чиний
Титмийг эвдэж, үсийг чинь хуссан ч
Уруулаас чинь зөвхөн Халлелүя л гарна.

[Энэ хэсэгт дуучин өөртөө хандаж дуулж байгаа бөгөөд бараг тэр чигээрээ Библиэс эш татсан. Нойр нь хулжсан Давид дээвэр дээр явж байгаад усанд орж байсан Батшебаг харж гоо сайханд нь автдаг. Мөн дөрөв, тавдугаар мөр дэх үйл явдалд Сансомын дийлдэшгүй хүч үсэнд нь байдаг гэдгийг мэдсэн Делайлагийн үйлдэл. Энэ бадагт ерөнхийдөө хайр дурлал, амьдрал хүнд олон янзын сорилт, тэмцэл авчирдгийг хэлсэн. Хайртай хүмүүс чинь л хамгийн ихээр гомдоодог гэдгийг Самсоны жишээгээр хэлсэн бөгөөд энэ бүгдийн эцэст хайр дурлал гэж хичнээн сайхан болохыг Халлелүя гээд хэлж байгаа.]

You say I took the name in vain
I don't even know the name
But if I did, well really, what's it to you?
There's a blaze of light
In every word
It doesn't matter which you heard
The holy or the broken Hallelujah
Нэрийг нь дурдаж нүгэл даллалаа гэв үү чи
Надад даан ч тэр нь ил биш юм
Хэллээ гэвч үнэндээ чамд юуны хамаа байх вэ?
Үнэн гэрэл
Үг бүрт шингэсэн болохоор
Алийг нь ч сонссон ав адилхан.
Төгс гэгээрсэн эсвэл бүтэлгүйтэж эвдэрсэн нь ч ялгаагүй Халлелүя.

[Энэ гуравдугаар бадагт дуучин маань сэтгэлтэй хүндээ дахин хандаж байна. Ер нь бол хайртай гэдгээ мэдэж байгаа боловч хайр гэж чухам юу вэ гэдгийг бүрэн ойлгоогүй маягтай. Бас нөгөө сонсож буй хүн өөрт нь хариу хайртай эсэхийг ч мэдэхгүй байгаа. Гэхдээ л хайр гэдэг бол бүтсэн ч бай бүтээгүй ч бай гайхалтай сайхан зүйл юм гэдгийг магтан дуулж байна.]

I did my best, it wasn't much
I couldn't feel, so I tried to touch
I've told the truth, I didn't come to fool you
And even though it all went wrong
I'll stand before the Lord of Song
With nothing on my tongue but Hallelujah 
Чадах бүхнээ би хийсэн, гэхдээ хангалтгүй байлаа
Мэдэрч чадахгүй байсан болохоор, хүрэх гэж би оролдсон.
Үнэнийг хэлсэн болохоос, хуурах гэж би ирээгүй
Үнэхээр бүх юм бүтээгүй ч
Урлагийн бурхны өмнө би
Уруул дээрээ Халлелүяг тээсээр зогсоно.

[Сүүлийн энэ бадагт дуучин өөрийн хийсэн бүхэн хангалтгүй байсан гэдгийг ойлгож байгаа боловч үйлдэл бүхэн нь үнэн шударга байсан тул тодорхой хэмжээнд өөрийгөө үнэлэх сэтгэлтэй байгаа тухай. Сэтгэл зүрхээ үгээр илэрхийлээд бүтэхгүй болохоор нь үйлдлээр үзүүлсэн ч бас л бүтээгүй. Бүтээгүй ч гэсэн сайхан хайр байлаа гэж байгаатай л адил юм даа.]

Зарим хувилбар дээр энэ хоёр бадгийг оруулж дуулсан байдаг.

Baby I've been here before
I've seen this room and I've walked the floor
I used to live alone before I knew ya
But I've seen your flag on the marble arch
Our love is not a victory march
It's a cold and it's a broken Hallelujah 
Хонгор минь би өмнө энд байсан
Энэ өрөөг өмнө харж, дотор нь алхаж байсан
Энд амьдардаг байлаа чамтай танилцахаас өмнө
Ялгуусан тугийг чинь би харсан, гантиг аркан дээр
Ялалтын жагсаал даан ч бидний хайрынх биш
Хүйтэн бөгөөд хэмхэрхий ч Халлелүя

[Эхний гурван мөрийг яаж л бол яаж ойлгохоор байгаа юм. Хүүхнээсээ салж ганц бие болоод өмнөх амьдралаа санаж байгаа гэсэн нийтлэг бөгөөд амархан хувилбар байж болно. Үлдсэн гурав нь харин харуусал, гомдол.]

Maybe there's a God above
But all I've ever learned from love
Was how to shoot somebody who outdrew ya
It's not a cry that you hear at night
It's not someone who's seen the light
It's a cold and broken Hallelujah 
Бурхан гэж байж магадгүй л юм
Гэхдээ хайраас сурсан зүйл минь
Чамаас хурдан хүнийг хэрхэн буудах байлаа
Шөнө сонсдог чинь уйлаан биш
Гэгээрэлд хүрсэн нэгэн ч биш
Энэ бол хүйтэн, хэмхэрхий Халлелүя

[Хайртай хүмүүс хоорондоо маргалдахад нэгнээ хэрэггүй үгээр гомдоодог талаар энэ бадагт өгүүлжээ. Ялангуяа гурав дахь мөрөнд, “was how to shoot somebody who outdrew you” гэдэг нь “чамаас түрүүлж буугаа сугалсан хүнийг хэрхэн буудах вэ?” гэсэн шууд утгатай боловч хайртай хүнийхээ хэлсэн үгэнд гомдохдоо хариуд нь гомдоох үг хэлж харьцаагаа бүүр дордуулдаг тухай.]



Арай л их юм биччих шиг боллоо шүү.

No comments: