Saturday, August 29, 2015

АНАЛИЗ: ПЕТР ЧЕХ


Арсэн Вэнгэр хамгийн сүүлд 33 настай хаалгач авахад Арсенал бүтэн улирал хожигдолгүй тоглож Премьер лигт түрүүлж байсан. Петр Чехэд маань Йенс Леманы энэхүү “Ялгуусан” амжилтыг давтах боломж гарахгүй нь тодорхой болсон ч түүний шилдэг хаалгач гэдэгт огт эргэлзэх хэрэггүй ээ.

Түүнийг Арсеналын дэмжигчдэд танилцуулаад байх ч шаардлагагүй. Челсигийн бүрэлдэхүүнд 11 жил тоглохдоо Премьер лигийн 162 тоглолтод хаалгаа хуурай манасан гэдгээрээ Дэвид Жэймсийн дараа орох үзүүлэлт юм. Нөгөөх нь түүнээс ердөө хоёроор илүү. Гуч гарснаасаа хойш форм нь унах яагаа ч үгүй гэдгээ мань харуулаад л яваа.

Өнгөрсөн гурван улиралд дунджаар 78 хувийн амжилттай хааж байсан нь лигтээ тэргүүлэх үзүүлэлт. Чех Арсеналыг цухалдуулах тун чиг дуртай. Арсеналын эсрэг арван удаа тоглохдоо зургаад нь гоол алдаагүй. Өнгөрсөн улирал Тибо Куртуагийн оронд манай эсрэг хоёр удаа тоглосон тоглолт ч үүнд багтаж байгаа.


Чехийн хувьд анх ирэхэд нь Карло Кудичини нөөц рүү шилжсэн шиг нөөц хаалгачаар олон жил тогловол зовлонгүй байх байсан. Гэвч шууд өрсөлдөгч багтаа ирэх шийдвэр гаргасан нь түүний амжилтын төлөө гэсэн эрмэлзлэлийг харуулж байгаа юм.

Нэг бодлын хүслээ биелүүлж байгаа хэрэг л дээ. Намайг 20 настай, Францын Реннд тоглож байхад Арсенал авах гэж хичээсэн боловч ажиллах зөвшөөрөл бүтээгүйгээс болж наймаа унаж байсан. Цом түүх гэсэн клубын зорилт ч миний хувийн амбицад тохирч байгаа. Арсэн Вэнгэртэй ярилцсан маань миний шийдвэр гаргахад их нөлөөлөсөн л дөө. Карьерынхаа яг энэ үед хийхийг хүссэн төслийг маань надад гаргаж өгсөн." гэж Чех өөрөө ярьж байна.

Ер нь бол Чех Арсеналд дасан зохицоход тийм ч их хүндрэлтэй байхгүй. Түүний гэр бүл угаасаа Лондонд байрлаж байгаа, хэл усны бэрхшээлгүй, Премьер лигийн тоглолтыг мэддэг. Хаалгач нар том клубуудэд тоглоход эхнээс нь авахуулаад бөөн шүүмжлэл, дүн шинжилгээ хийгдэж эхэлдэг ч Чехийн хувьд эдгээр хүчин зүйлүүд нь дасан зохицоход маш нэмэртэй байх болно.

Гэвч нөгөөтэйгүүр Чехийн хувьд Арсеналын тоглолтын арга барилд дасах хэрэгтэй болно. Челсид байхдаа их татаж тоглодог хамгаалалтын ард зогсдог байсан. Жозе Моуриньо хамгаалалтын шугамыг өөрийн 16-гийн ирмэгээр тогтоож хамгаалдаг ба Моуриньогийн эхний ба хоёр дахь томилгооны хооронд байсан ихэнх менежерүүд түүнтэй төстэй арга барилаар тоглодог байсан.

Ганц өөр тоглолттой нь гэвэл Андрэ Виллаш-Боаш. Тэрээр хамгаалалтыг нэлээн дээш түлхэж, Чехийг тоглолтод идэвхитэй оролцож, хааяа арван зургаагийн гадуурх хэсгээр цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байхыг зааварчилж байсан. Багийнхан нь тэр арга барилаар тоглохдоо ихэд тухгүй байсан ба чухам түүн дээр нь Арсенал ажиллаад 2011 онд Стамфорд Брижд 5-3аар хожсон билээ. Премьер лигийн тоглолтод Чехийн 5 гоол алдсан ганц тохиолдол нь энэ.


Чех гэхээсээ илүү хамгаалагч нар энэ системд тохирох гэж үйлээ үзсэн билээ. Гэхдээ Чехийн хувьд Арсеналд энэнээс арай өөр арга барилд дасах хэрэгтэй болно.

Буучид довтолгоо зонхилсон сэтгэхүйтэй баг учраас ихэнх цагийг эсрэг багийн талд өнгөрөөдөг. Иймээс хамгаалалтын шугамын ард их зай гардаг нь Чехийн хувьд Андрэгийн шаардаж байсан шиг тоглолтыг биш ч өөрийн дассанаас өөрөөр тоглох шаардлага үүсгэж байгаа юм.

Хаалгач нь талбайн бусад тоглогч шиг үүрэг хүлээдэг болсон өнөө цагт Чехийн тайван, хашир зан нь маш их хэрэгтэй. Хаалгачийн ур чадварт нь эргэлзэх ч шаардлагагүй юм. Өмнө хэлсэнчлэн амжилттай хаалтын хувь түүнийг хангалттай харуулж байгаа байх. Тэрнээс гадна Чех өөрийн талбайг маш сайн удирдаж, зохион байгуулалт хийдэг.

2006 онд Рийдингэд гавлын ясандаа бэртэл авснаас хойш агаараар ирж байгаа бөмбөгийг хамгаалахаас эмээх болсон гэж зарим хүмүүс ярьдаг ч үнэндээ тийм биш юм. Тэр бэртлээсээ бүрэн эдгэрснээр барахгүй жигүүрээс довтолж байгаа үед ч тун идэвхитэй хамгаалдаг. Хэрэгтэй үед хаалгаа орхин гарч ирж туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг учраас тэрээр хамгаалагчдын итгэж болох хаалгач юм.

Ерөнхийд нь дүгнэхэд Арсенал түүнээс илүү хаалгач авна гэж төсөөлөхөд бэрх. Чех маш мэргэжлийн, улсын бас лигийн онцлогийг сайн мэднэ, тэгээд ПЛ-т дөрвөн удаа түрүүлж байсан. Улирлын төгсгөлд энэ тоо нь тав болж өөрчлөгдвөл түүнийг авсан нь маш зөв шийдвэр байсныг батлах буйзаа.



Онгироод дахиад нэгийг Арсенал цэг ком дээрээс бантагнасан Цогоо.

No comments: