Thursday, August 27, 2015

ПЕТР ЧЕХ – БИ ХОЖНО ГЭДЭГТЭЭ ОГТХОН Ч ЭРГЭЛЗДЭГГҮЙ


Петр Чехийг авснаа зарлаж байхдаа Арсен Вэнгэр үнэхээр таатай байгаа нь илт анзаарагдаж байлаа. “Дэлхийн зиндааны шилдэг хаалгач нарын нэг гэдгээ тэр өчнөөн улирлын турш харуулсаар ирсэн. Манай багийг маш их хүчирхэгжүүлж байгаа нь тодорхой” гэсэн түүний үгийг Дэвид Сийман ч бас хэлж байна. “Челсигийн гарз, Арсеналын олз л болж байна даа.” хэмээн Арсеналын домогт хаалгач өгүүллээ. Сэтгүүлчид энэхүү наймааг тэртээ 1977 онд Пат Женнингсийг Тоттэнхамаас авч байсан наймаатай адилтгаж байна. Франк Лампард болон Жон Терри нарын магтаал нь ч түүнийг хуучин багийнхандаа хэрхэн үнэлэгддэг байсныг харуулж байгаа юм. “Чех бол дэлхийн энтэй хаалгач бас хүний хувьд ч ярих юмгүй, Арсеналыг аваргын төлөө түлхээд өгөх хүч нь ч болж мэдэх юм шүү” гэж Лампард түүнийг үнэлсэн.

Петр Чех эх нутагтаа
Петрийг авах гэж байгаа гэсэн яриа гарахад л клубыг тойроод бөөн шуугиан дэгдэж эхэлсэн. Арсеналын сошиал медиа дахь сувгийн тоо баримтуудыг харахад л ойлгомжтой. 55 мянган ритвит, 40 мянган удаа шэйрлэгдэж, 325 мянган лайк.

Хаалгачийн хувийн тоо баримт нь ч бас нэлээн уншууртай. Лондонгийн цэнхэр буланд 11 жил суухдаа дөрвөн удаа Премьер лигийн аварга, дөрвөн удаа Холбооны цомын аварга, гурван удаа Лигийн цомын аварга, тэгээд нэг удаагийн Аваргуудын лигийн цом, бас нэг удаагийн Европа лигийн цом хүртсэнээс гадна хаалгачийн хувиар гурван удаа Алтан бээлий авч байсан нь Арсеналын фэнүүдийг ингэтэл нь баярлуулсан биз ээ.

Петртэй танилцаад, ярилцаж үзэхэд их энгийн, боловсон, ухаалаг хүн шиг санагдсан бөгөөд Умард Лондонд өөрийн мөрийг тод гаргахаар сэтгэл шулуудсан нь илт байлаа. Наймаа явагдаад хэдхэн хонож байхад Прагад Арсенал сэтгүүлд анхныхаа ярилцлагыг өгөхдөө энэхүү сэтгэл татам хаалгач маань өөрийн хөлбөмбөгт хэрхэн дурласан, хаалгачдын нөхөрлөлийн тухай, бас хөгжмийн сонирхлоо багт уусахдаа хэрхэн ашиглах гэж төлөвлөж байгаа гээд олон зүйлсийн талаар ярьлаа. Та бүхэн таалан соёрхоно уу.

Арсеналд нийлсэн гэхээр ямар санагдаж байна даа, Петр?
Их сайхан санагдаж байна. Шинэ сорилтыг тэсч ядан хүлээж байна. Амжилттай байгаасай гэж найдаж байгаа.

Петр гэрээгээ мутарлаж байна
Та Премьер лигт 11 жил тоглосон. Анх 2004 онд ирж байснаасаа таны тоглолт хэрхэн өөрчлөгдсөн бэ? 
Анх 2004 онд ирэхдээ би бүх багууд, бүх цэнгэлдэхүүдийг шинээр судалж байсан. Мэдэхгүй, сураагүй юмс их л байсан даа. Харин одоо бол 11 жилийн дараа гэхэд ПЛ-т байгаа бүх багуудын цэнгэлдэхийг сайнтай муутай нь мэддэг болсон нь миний давуу тал юм уу даа. Шинэ клубт ирсэн ч иймэрхүү жижиг сажиг юмсыг мэдэж байгаа маань бүх юмтай зэрэг танилцана гэхгүй, зөвхөн шинэ багийнхантайгаа танилцаж, хамгаалалтыг мэдэрч, харилцан ойлголцолоо хөгжүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа нь нэг бодлын амар юм л даа. Өөр нөхцөл байдлыг анзаарах шаардлага байхгүй гэсэн үг.

Та өөрийгөө яг торгон ирэн дээрээ байна гэж үзэж байна уу? 
Өнгөрсөн улиралд би тоглосон бүх тоглолтондоо энэ лигийн тэргүүнд байхын тулд ямар түвшний ур чадвартай тоглолт хэрэгтэйв яг тэр түвшинд тоглосон. Тэрнийгээ энд тоглолт бүрд харуулмаар байна. Улирал эхлэхийг бүр тэсэн ядан хүлээж байна шүү.

Та манай хаалгачдыг мэдэх байх. Тэдний авъяасыг хэрхэн үнэлж байна даа?
Войцех энд их удаан тоглосон. Арсенал түүнд дэмий ч итгээгүй байх. Байр сууриа өнгөрсөн улирал маш сайн тоглосон Оспинад алдсан ч гэсэн тэрээр авъяастай, бас потенциал ч бий. Би тэдэнтэй өрсөлдөхөд бэлэн байна. Надад өрсөлдөөнөөс эмээх шалтаг алга, харин ч үнэхээр таалагдаж байгаа. Миний бодлоор эрүүл өрсөлдөөн багийг улам сайжруулж, урагш түлхдэг. Би өөрийн боломж, чадварыг мэднэ. Тиймээс ч намайг сонгосноороо алдаагүй гэдгийг менежертээ, ер нь бүх хүмүүст харуулахыг хүсч байна.

Хүмүүс хаалгачдын нөхөрлөлийн тухай их ярьцгаадаг. Арсеналын хаалгач нар болон дасгалжуулагчидтай яаж ажиллах талаараа бодож байна уу? 
Хаалгачдын нөхөрлөл гээд хүмүүс их ярьцгаадаг чинь ортой юм шүү. Хаалгачаа сайн тоглуулъя гэвэл тухайн байрлал дээр жинхэнэ эрүүл өрсөлдөөн үүсгэх, бие биенээ хүндэтгэдэг, ирлэж байдаг сайн хаалгачидтай байх ёстой. Ингэснээс бэлтгэл дээр ч, тоглолт дээр ч хүн бүр өөр түвшинд хүрч, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Багуудын хувьд энэ маш чухал. Өмнөх клубт 11 жил тоглохдоо үнэхээр гайхалтай хаалгачидтай хамт ажиллаж байсан. Энэ жишиг маань энд ч бас үргэлжлээсэй гэж найдаж байна. Ямархуу байх нь вэ, харцгааж л байя. Ер нь орчин их чухал байдаг болохоор би ч нэлээн эерэг тал руугаа сэтгэгдэлтэй байгаа шүү.

Арсеналын хаалгачдын нөхөрлөл (Оспина Копа Америкад оролцож байх үед авсан зураг)
Хэдийгээр та клубын шинэ тоглогч ч гэсэн хамгийн туршлагатай хаалгач нь. Өөрийн туршлагыг өвлүүлэх нь таны ажил үүргийн нэг мөн гэж үзэж болох уу?
Би хүмүүстэй ярилцах дуртай. Хаалгачийн үүрэг хариуцлага гээд л ерөнхийд нь ярьж өгнө дөө. Надтай ярилцах гэж ирж байгаа бол бүхий л оройжингоо буу халахад бэлэн л байх хэрэгтэй. Би аль болох нээлттэй байж, залуу үедээ өөрийн туршлага, мэдлэгээ уламжлуулах, өсч дэвжихэд нь туслах их дуртай. Туршлага хуримтлуулсан аливаа тоглогчийн заавал хийх ёстой зүйл гэж би боддог юм. Ер нь чиний ачаар тоглогч улам сайжрах бололцоотой байхад зөвхөн өөрийгөө л болгоод буслаас нуугаад байх нь нэг их сайн ч биш дээ.

Та өөрийн карьерын турш байнга л томоохон цомуудад тогтмол түрүүлсээр ирсэн. Ер нь ялагч болоход юу чухал вэ? 
Эргэлзээ байх ёсгүй гэж бодож байна. Би өөрийн хийж чадах юмаа мэднэ. Би өөрийн ур чадварт итгэдэг. Багийнхандаа итгэдэг, тавьсан зорилтдоо хамтдаа хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Хөлбөмбөгийн тоглолтод хожихын төлөө гэсэн үг. Алдахаасаа эмээж болохгүй, учир нь хөлбөмбөгт ердөө л гурван үр дүн байдаг. Хожно, хожигдоно, эсвэл тэнцэнэ. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хожиж ч магадгүй, хожигдож ч болно. Асуудал нь гэвэл чи өөрийгөө бүрэн дайчилж тоглох юм бол хожих магадлал төдий чинээ их байна. Ингэж боддог болохоор би удаан хугацаанд тогтвортой тоглосоор ирсэн байх. Талбай дээр гараад өөрийгөө 100 хувь дайчилж тоглох юм бол хожих боломжтой гэж бодож гардаг учраас би ялагч болдог байх. Дайчилж чадна гэдэгт бол ямар ч эргэлзээ байхгүй.

Эхний нэг хоёр цомд түрүүлсний дараа түрүүлэх нь арай хялбар болоод ирэх үү? 
Томоохон тэмцээнд түрүүлсний дараа сэтгэл ханаад, өөрийгөө ирлэх зүйлгүй болчихдог гэж их олон хүмүүс ярьцгаадаг. Би бол тэгж боддоггүй. Аваргуудын лигт түрүүлсний дараа хүмүүс “за эднийх Аваргуудын лигт түрүүлчихлээ. Одоо ч тэгээд хамаагүй болчих биз дээ” гэсэн утгатай яриа ярьж байсныг санаж байна. Бидний хувьд харин ч маш том зүйл байсан болохоор ахин давтмаар санагж байсан шүү. Премьер лигийн ч юм уу эсвэл аливаа цомыг атгаад зогсож байхад сэтгэл маш ханамжтай, зорилгодоо хүрсэн мэдрэмж төрж, асар их аз жаргалтай байдаг. Тэгээд л “Энэ сайхан мэдрэмжийг ирэх жил ахиж түрүүлээд, дахиж мэдэрнэ ээ” гэж өөртөө хэлдэг. Яг ийм бодол л хүмүүсийг урагш түлхэж бас давуу тал болж өгдөг. Өмнө нь нэг хийсэн юм чинь дахиад яаж түрүүлэхээ мэднэ гэсэн үг шүү дээ.

Барклэйн Азийн Цомыг тэмдэглэж байна
Талбайн тоглогч нарын хувьд тоглолтын шинэ хэв маягт дасах тодорхой хугацаа хэрэг болдог. Харин хаалгач нарын хувьд ямар бол? Ямар нэгэн байдлаар өсч, сайжирна гэж бодож байгаа юу? 
Хэцүү биш байгаасай гэж найдаж л байна. Хаалгачийн байрлал их онцгой гэдгийг хэлмээр байна. Өөр төрлийн ур чадвар шаарддаг болохоор Премьер лигт их удаан тоглосон маань тун давуу тал болох байх гэж бодож байна. Надад цочир сонин болчихоор зүйл бараг таарахгүй болов уу. Ер нь шинэ багт анх ирэхдуу тухайн багийн хамгаалалт яаж тоглож байна, багийн тоглолт хэрхэн зохион байгуулагдсан байна, мөн довтолгоо хамгаалалтын хоорондын шилжилт яаж хийгдэж байгааг ойлгох хэрэгтэй. Нэгэнт ойлгочихсон байхад бэлтгэл, сургуулилт, улирлын өмнөх тоглолтууд дээр ойлголцоод явчихна. Бас зарим нөхцөлд хэрхэн тоглох, зохион байгуулахыг ч бэлтгэл дээр давтчихна. Ингэж чадвал их үр дүнтэй байх болно. Туршлага арвин болохоор дасан зохицох гэж их түүртэхгүй болов уу гэж найдаж байна даа. 

Улирлын өмнөх бэлтгэлээр та ийм судалгаа хийж байгаа юу? Багийнхнаа хэрхэн яаж тоглодгийг ажиглаж байна уу?
Миний тоглолтын үндсэн зарчим бол цаг үргэлж юу болж болох вэ гэж тооцоолох байдаг. Тиймээс арын тоглогчдыг байнга зохион байгуулалтад оруулснаар байнгын аюулгүй байдалд байлгадаг. Мэдээж бөмбөг бөөрөнхий гэгчээр ямар нэг тооцоолоогүй зүйл гарна, бөмбөг зөрнө, эсвэл айлын тоглогч хамгаалах аргагүй үйлдэл хийгээд ороод ирнэ. Гэхдээ зохион байгуулалт сайтай, байнгын бэлэн байдалд, сэргэг байвал иймэрхүү аюултай тохиолдлуудыг хамгаалах магадлал хавьгүй өндөр шүү дээ. Миний тоглолтын энэ гол арга барил ер нь өөрчлөгдөхгүй болов уу. Багийн зохион байгуулалт маш чухал учраас тэр бүр өөрчлөөд байж болохгүй. Тэгээд ч тоглогчид тодорхой хэмнэлээр тоглоод дасчихсан байдаг. Ямар ч гэсэн хэд хэдэн удаагийн бэлтгэл, тоглолтын дараа би аргаа олчихвол, цаашдаа илүү хялбар болох байх. 

Ер нь яаж яваад хөлбөмбөгийг сонирхож эхлэв? 
Анх хоккей тоглож эхэлсэн л дээ. Үнэхээр дуртай байсан. Тэгээд дараа нь 6 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Хоёуланд нь л адилхан дуртай байлаа. Багаараа хамт тоглодог нь надад таалагддаг юм. Хамтдаа хожно, хамтдаа хожигдоно, хамт бэлтгэл хийж, хамтдаа зугаацна. Хэрэв чи ямар нэгэн амжилтад хүрвэл 25 хүн чамтай хамт тэмдэглэнэ. Багийн доторх ийм хамтач уур амьсгал нөхөрлөлд би дуртай. Хөлбөмбөгт олон жижиг хувийн гэмээр төрлүүд байдаг. Жишээлэхэд хаалгач л гэхэд бараг л багийн спортын доторх ганцаарчилсан төрөл шүү дээ. Миний зан чанарт энэ яг тохирсон юм шиг санагддаг. Ганц хүн дээр төвлөрсөн их хариуцлага хаалгач нар дээр ирдэг нь надад их таалагддаг. Бас би багийн төлөө тоглох, баг хамт олонтой байх, найз нөхөдтэй байх, бас найдаж итгэж болох хүмүүстэй байх дуртай. Миний хувьд хөлбөмбөг бол яг үүнийг өгч болох сайхан зохицол.

Эмирэйтс цомын үеэр Вольфсбургийн эсрэг
Евро 96 болж байхад та 14 настай байсан байх. Тэр тэмцээний талаарх таны дурсамж, Чех улсад хөлбөмбөг юу авчрав? 
Тэр тэмцээний талаар сайхан дурсамжтай шүү. Еврогийн эхний тоглолт Германы эсрэг байсан. Манайх 2-0оор хожигдоход би гэртээ найзууд, гэрийнхэнтэйгээ үзэж байлаа. Бүгдээрээ л хожигдсондоо урам хугарсан. Тэгэхэд манай баг бас Италид тэмцээнээр очоод долоо хоносон юм. Чехүүд Италитай шийдвэрлэх тоглолт хийж 2-1ээр хожиж байхад бид ч бас Италид байлаа. Бид бүгдээрээ Чехийн далбаатай өмсгөлтэй явж байсан болохоор үнэхээр итгэмээргүй явдал болсон. Италичууд биднийг хараад “Өө Чехүүд ээ, та нар яаж байгаан бэ?” гээд л. Үнэхээр гайхалтай байсан. Тэгээд бид дараагийн шатанд шалгараад явахад бид бүх тоглолтыг үзсэн.

Би бүүр улаан фэн байсан болохоор л хожиж чадаагүй тоглолт болгоны дараа халуурч байгаа юм шиг л болдог байсан. Зурагтаар үзэж байхад л дотор давчдаад, дарамтыг нь мэдэрдэг хүн л дээ. Маш их шимтэж үздэг байсан. Шигшээ тоглолтод алтан гоолоор хожигдоход үнэхээр урамгүй байсан ч тэр удаагийн тэмцээн манайхны хувьд үнэхээр сайхан болсон. Миний хувьд үнэхээр мартагдашгүй үе байсан. Яагаад гэвэл би 14 настайдаа 15-аас доош насны Үндэсний шигшээгийн бүрэлдэхүүнд багтаж нэг тоглолт хийсэн. Бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ чармайж хийгээд сайн тоглоод байвал нас насны шигшээ багуудад дуудагдаад байх юм байна, тэгээд цаашдаа Үндэсний шигшээ багт багтах ч боломжтой юм байна гэдгийг тэгэхэд л ойлгож байлаа. Тэдний тоглохыг зурагтаар харахад бөөн сэтгэл хөдлөл, урам зориг, дүүрэн цэнгэлдэх харагддаг. Би яг тэнд л тоглож байх юмсан гэж маш их хүссэн. Тэгэхэд маш гоё харагдаж байсан болохоор Европын аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлмөөр санагдаж билээ. 

Танай нутаг нэгт Томас Росицки Арсеналд байдаг. Та хоёрын харьцаа хэр вэ, ер нь нэгнээ хэр таних вэ? 
Бид хоёр чинь шигшээ багт хамтдаа 10 жил тоглосон хүмүүс. Би Спарта Прагт тоглодог байсан, тэр ч бас. Тэгэхдээ яг намайг ирэхэд тэр Боруссиа Дортмунд руу явчихсан болохоор бид хоёр тэнд хамт тоглож үзээгүй л дээ. Шигшээд хамтдаа 10 жил тоглосны эцэст түүнтэй одоо л нэг клубт тоглож үзэх гэж байгаадаа их баяртай байгаа шүү.

Томас Росицки
Хөлбөмбөгөөс хөндийрөхөд, таны бөмбөр тоглож байгаа бичлэг Ютүбээр харагдсан. Бас таныг Күин хамтлагийн Рожер Тэйлортой хамт бөмбөр тоглож байсан гэж уншиж байсан юм байна. Ямаршуу санагдсан бэ? 
Ёстой итгэмээргүй сайхан. 14, 15-тай байхдаа эгч бид хоёр Күиний дуунуудыг сонсдог байлаа. Зарим найзууд маань одоо ч сонссоор байдаг. Гэнэт нэг удаа Аугаа Рожертой танилцах завшаан таардаг юм. Аваргуудын лигийн тоглолтоос буцаж яваад онгоцонд танилцсан. Тэр хөлбөмбөгийн фэн юм билээ. Бид сайхан хууч хөөрөөд дараа нь хэсэг тоглосон. Түүнтэй танилцсандаа би их баяртай явдаг юм шүү.

Хөгжим таны хөлбөмбөгөөс гадуурх гол хобби юу?
Тийм ээ. Хүүхэд байхын л хөгжимд дуртай байлаа. iPod дээрээ хөгжим тавиад орчлонгоос тасраад суух ч сайхан шүү дээ. Бөмбөр тоглож эхлэхдээ, хөгжим тоглох бол үнэхээр анги юм байна гэж ойлгосон. Одоо үед дагаж тоглож болох бөмбөргүй бэлэн тракууд ч олон болж дээ. Дуртай хамтлагийнхаа тракийг чихэвчээрээ сонсож байгаад л бөмбөрийг нь өдөржингөө тоглоод суусан ч болохоор. Маш сайхан тайвшруулдаг болохоор би бөмбөр тоглох их дуртай. 

Хэний хөгжмийг тоглох дуртай вэ? 
Би Нирванагийн бүх дуунуудад дуртай. Бөмбөр дээр тоглоход дуунууд нь их хэцүү байдаг. Өөр сонсдог зөндөө хамтлагууд байна дөө. Фүү Файтерсын Дэйв Грольд дуртай. Колдплэйгийн Вилл Чампионтой танилцаж байлаа. Сайхан аялгуулаг, аятайхан хөгжим сонсъё гэвэл тэднийхийг л сонсох хэрэгтэй. Би ч тэгээд юм юмыг л сонсдог доо. Яг л хөгжмийн автомат шиг.

Таны мэдэх хамгийн их хөгжмийн авъяастай тоглогч хэн бэ? 
Томас гитар тоглодогийг мэднэ. Эгч дүү гурав гэдэг нэртэй хамтлагтай хамт хэд хэдэн тоглолт хийгээд амжсан гэж байгаа. Бид хоёр Евро 2012-оор Польшид байхдаа бас нэг тоглоод авсан. Нэг өдөр зав гараад явж байгаад бөмбөртэй студи олдохоор нь Томас, бас багийн иллэгчтэй гурвуулаа сайхан зугаацаад авсан. Тэгэхээр Томасыг л нэрлэнэ дээ.

Та бас нэг их наадамд тоглоод авсан...
2013 онд байх аа манай Чехд болдог Rock For People гээд хамгийн том их наадамд. Тав хоног үргэлжилдэг том наадам л даа. Миний тоглодог жил 30 Seconds to Mars, Queens of the Stone Age зэрэг хамтлагууд ирж тоглосон санагдана. Би Eddie Stoilow гээд хамтлагтай тоглосон. Манай тоглолт нөгөө Гластонбүрид байдаг шиг том майханд болж байсан. Бараг зургаа, долоон мянган хүний багтаамжтай газар дүүрчихээд гадуур нь бас хүмүүс овоорчихсон. Тайзан дээр гарч ирэхдээ би бүүр маш их сандарчихсан байлаа. Уг нь би 90 мянган хүний өмнө тоглож үзсэн хүн шүү дээ. Тэгэхэд би бүүр “Wow!” гэмээр байсан. Хөлбөмбөгийн уур амьсгал, концертын уур амьсгал хоёр шал өөр юм билээ. Анхны нотыг тоглоход л тоглолтын эцсийн мөчид хожлын гоол хийж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Сайн тоглоод байх юм бол бүхий л тоглолтын турш яг л тийм эрчтэйгээр үргэлжилнэ дээ. Үнэхээр гайхамшигтай.

Таны дурдсан Томасаас гадна Алексис Санчез, Войцех Шезни хоёр төгөлдөр хуур тоглодог. Тэгэхээр шинэ багийнхантайгаа хамт хөгжим тоглох зөндөө боломж байна даа. 
Улирлын өмнөх бэлтгэлээр зав гарах нь уу. Хамт тоглож үзсэн сайхан л байна. Энд тэнд аяллаар явж байх үедээ бөмбөртэй студи олж тоглочихоод байдаг юм шүү. Хүмүүс хөгжим тоглож л байвал би жаргалтай.

Та анхнаасаа л хаалгач болох хүсэлтэй байсан уу? 
Хаалгач болъё гэж бодож байгаагүй. Анх би хоккейн хаалгач байсан. Дараа нь хөлбөмбөг тоглож эхлэхдээ хагас хамгаалалт, зүүн жигүүрийн тоглогч болсон. Заримдаа бэлтгэлийн дараа чөлөөт цаг гараад тоглох болоход хаалгачгүй үед хамгийн хойно тоглож байгаа хүн хаалгач болдог, заримдаа хоккейны жижиг хаалга, хөлбөмбөгийн том хаалга хоёрыг харьцуулж үзмээр санагдаад зогсдог байсан юм. Дасгалжуулагч маань намайг тэнд тоглож байхад хэд хэдэн удаа харсан юм билээ. Нэг удаа тоглолтон дээр хаалгач маань ирдэггүй. Хаалгачгүй бол тоглохгүй гээд, хүмүүс ерөөсөө тэнд тоглох хүсэлгүй. Тэгсэн чинь дасгалжуулагч над руу заагаад “Чамайг тэнд тоглож байхыг чинь би харсан. Чи гайгүй л байсан даа. Алив үзээдэх” гэсэн. Би ч ганц л тоглолт шүү гэж тохироод гарсан, манайх ч их сайн тоглосон.

Маргааш нь бэлтгэл дээр ирсэн чинь хаалгачийн дасгалжуулагч ирээд намайг авна гэхэд манай дасгалжуулагч дургүйцээд. Бараг бүтэн жил өрсөлдөгчөөс хамаараад талбай дээр эсвэл хаалган дээр тоглосон. Тэгээд 10 настай байхдаа хөлөө хугалаад эдгэх гэж зөндөө удсан. Гүйж чадахаа байгаад, нэлээн хөндүүртэй байлаа. Ядаж хаалган дээр байгаа үед сууж, босоод, хэвтээд, бөмбөг бариад, бэлтгэл хийж болдог байсан. Тэр үе л миний амьдралыг өөрчилж би хаалган дээрээ үлдсэн дээ.

Петр Чех
Эх сурвалж
Бантагнасан: Цогоо

No comments: