Wednesday, February 12, 2014

Дурсамж

Хуучин блогоо ухаж байгаад өвөө, эмээ хоёроо дурсаж бичсэн нэг постоо эргэж уншив.
Сая сар шинээр нагац ахындаа очоод хүрдийг нь эргүүлчихээд сууж байхдаа тэднийгээ асар их санав. Хүмүүсийг гараад явсан хойно бурхны урд тавьсан байсан өвөөгийнхөө гаансыг авч нэг нэрээд утааг нь үнэрлэж хэсэг суулаа. Тамхи татдаггүй ч гэсэн өвөөгийнхөө тамхины утааг үнэрлээд ханын нүд тоолон хэвтэх дуртай байж дээ. Хоймрын орон дээрээ босоод суучихсан, тамхиных нь утаа цэнхэрлэн суунаглаад дундаас нь манай хоёр бүдэгхээн харагдана аа, заримдаа. Гурвуулаа булагная гээд гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгжиж байгаад сайхан хоол хийж иднэ. Эмээ маань их амттай гоё хоол хийнэ. Гоё хийдэг болохоороо идэхгүй орхих юм бол голж байна гэж бодоод их гомдоно оо. Эмээг гомдоохгүй гэсэндээ гэртээ дандаа өлөн харьдаг байлаа. Надад хоол тавихгүй байна гэж ёстой даан ч нэг байхгүй дээ. Өвөө, эмээ хоёр хүн цаашлуулах үнэхээр дуртай. Хүн шоолчихоод "хи хи хи" гэж даажинтай хөхрөхдөө жигтэйхэн баясдагсан. Инээж байгаад инээдэндээ хахаж, тэр нь цаашлаад бөгшүүлсэн ханиад болон үргэлжлэх нь энүүхэнд. Олон жил тамхи татсан болохоор бүүр мэнгэртсэн ханиалга болно. Эмээ уурлана аа. "Баасны хар тамхиа хаяач" гэж ирээд өвгөнийг загнах. Өвөө нэг удаа үгэнд нь орсон юм шүү. Гэнэт тамхинаас гарлаа. Долоо бил үү хоёр долоо хоног болсон юм. 50, 60 жил тамхи татаж байгаад гэнэт гарах гэлээ гээд өвөө өөрийгөө ч шүүмжилж л байсан. Тамхи татахаа байгаад бүүр их ханиалгаад. Буцаад татаад эхэлсэн чинь зүгээр болчихсон.
Өөд болоод 5 дахь жил рүүгээ орж байна даа. Энэ жил эмээгийнхээ газрыг эргэдэг ч юм билүү. Миний хоёр бурхан юм шүү дээ.
http://tsogchuluund.blogspot.kr/2010/03/18.html

No comments: