Thursday, April 29, 2010

Pride and Prejudice

Энэ нэр худлаа шүү. Та нар Жэйн Эйрийн алдарт зохиолын тухай уншина гэж бодож байгаа бол эндүүрэл гарсан байна. Энэ гарчигийг сонгосон санаа бол хүмүүс өөрсдийн өвөг дээдсийн бардам түүхийг эх болгон бариад хажуу бөөрнийхөө хөршүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг юм.

Эзэн Чингис хаан маань та хэдийг эзэрхийлэн дарлаж асан 13 дугаар зуунд бол чи өчүүхэн муу гөлчгий байх байсан гэх зэргээр наад зах нь муусайн хятадууд, солонгоосууд, цаад зах нь оросуудыг далдуур муулах нь яав ч сайн зүйл биш л дээ. Би энэ доор байгаа үгийг уншаад ямар үнэн үг вэ гэж бодсон.

"The earth is my country, all mankind my brethren, and doing good my religion". Thomas Paine
"Дэлхий миний эх нутаг, хүн төрөлхтөн бүгд миний ах дүүс, сайн үйлс миний шашин шүтлэг". Томас Пайнь

Хүмүүс хоорондоо байлдаад хөнжилдөө орох завгүй байх эрт дээр үед бол жалга довны үзэл амьд гарахын гол үндэс болж байсан болов уу гэж би итгэдэг. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг нь тэрхүү жалга довны үзлийн амин сүнс болсон үг юм.

Глобалчлагдаж байгаа гэж бидний хэлэх дуртай энэ дэлхий дээр жалга довны үзэл ёстой хэрэггүй ганц юм нь юм шиг надад санагддаг юм. Ингээд хэлэхээр "Эх орныхоо сөөм газрынхаа төлөө дусал цусаа харамлалгүй тэмцсэн өвөг дээдсээ чи үгүйсгэж байна уу?" гэж хэн нэг нь асуух байх л даа. Асуух ч ёстой.

Тэр үеийн олон улсын бодлого, байдал нь нэгнээсээ одоогийнх шиг хамааралгүй байсан болохоор нэг улс нөгөөгөө байлдан эзлэхэд тэртээ хол байгаа улсад падлий байхгүй байсан. Тиймээс өөрийн нутаг руу санаа бэлчээсэн хэнийг ч болов сарьсан хоншоор дээр нь нам цохиж "Горьдсоны чинь гарз" гэж хэлж байх үзэл хүн болгонд суулгах нь тухайн улс орны тэсч үлдэх боломж байсан болов уу. Одоо бол хил дамнасан битгий хэл тив дамнасан худалдаа наймаа, ашиг сонирхол газар авсан учраас аливаа нэг улсын нөгөөдөө эзлэгдэх нь бүх хүнд падлийтай болжээ. Энэ чинь л глобалчлал юм байгаа юм.

Тэгээд ч сүүлийн үед газар нутаг буюу засаг захиргааг нь хараат болгоно гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийг нь хараат болгох моод ихээхэн дэлгэрээд байгаа. Жишээ хайгаад хэрэггүй хамгийн ойрхон нь та бид өөрсдөө. Цагаан морин жилийн хувьсгалаас өмнө монголчууд оросоос ихээхэн хамааралтай байсан ба баахдаа орос мэргэжилтнээс зөвшөөрөл авах нь холгүй байсан гэлцэх юм билээ. Энэ бага зэргийн хэтрүүлэг байлаа. Эмзэг хүмүүс алгасаад уншина биз. За тэгээд ардчилал ялсан учраас одоо нэг тусгаар улс боллоо гэтэл Хятадын алс хэтийг харсан бодлогод өөрийн мэдэлгүй автаж эхлэв.

Өөрийн мэдэлгүй гэдгийг тодруулах хэрэгтэй байх. Монгол хүмүүс монголоо удирдан, захираад, мэдэцгээж байгаа гэж хэлэх хүн гарах байх л даа. Энгийн байгууллагаар жишээ авахад удирдлага солигдсон ч байгууллагын ерөнхий бодлого барагтай л бол өөрчдлөгддөггүй, яагаад гэвэл тэр бодлого тухайн байгууллагын онцлог, тэр байгууллагыг өрсөлдөөнд тэсч үлдэх хөшүүрэг болдог болохоор. Монголын төр хэдийгээр Хятадтай найрсаг харилцаатай байсан ч тэр нь Загалмайлсан эцэг кинон дээр хэлдэгчлэн "Нөхрөө ойр байлга, Дайснаа бүүр ойрхон байлгах хэрэгтэй" гэдгийг үлгэрээр байсан болов уу. Харин үүнийг манай сүүлийн үеийн улс төрчид нэг их ухаараагүй бололтой.

Эх оронч үзэл гэдэг ойлголтын тухай бас халти бодол төрж байна. "Дээд тэнгэрээс заяат Бөртэ Чоно, Гоо Марал хоёр..." гээд Монголын Нууц Товчооны эхлэлийг ба бэгүй цээжилсэн хүнийг хэлэх үү? Эсвэл "Манай холын хамаатан Чингис танай улсыг дарлаж байсан..." гэж цээжээ бичин мэт дэлддэг гаруудыг хэлэх үү? Нэг их сүртэй томъёо байхгүй л дээ. Улс орондоо юу хэрэгтэй байгааг мэдэж өөртөө хэрэгтэй байгаа юмнаас арай илүүд үздэг хүн л эх оронч үзэлтэй хүн гэж би боддог. Чи тамга барьсан гарын үсэг зурдаг хүн байхад "Хай, чи энийг дарваа, би чамд энийг өгваа" гээд зогсож байгаа хүнд салаавч өгч чаддаг болчих ухаан, зоригтой л байх хэрэгтэй байгаа юм.

Би уг нь арай өөр асуудал хөндөх гэж энэ блогийг бичиж эхэлсэн юм. Ам халж далий юм ярьсан байна. Хятад хүнд та яагаад дургүй вэ? Ихэнхи хүмүүс үйлдвэрээсээ тийм тохиргоотой байдаг байх. Би ч гэсэн тийм байсан байх. Монгол хүмүүс Хятадуудад дургүй, Солонгосууд Японуудад дургүй, Англиуд Француудад дургүй, Польшууд Оросуудад дургүй гээд голцуу хил залгаа улсууд хоорондоо өстөн байдаг. Эрт дээрээс уламжилж ирсэн хэдэн үеийн өс хонзон байдаг байх.

Тэр Ли хэр сайхан сэтгэлтэй, хүн чанартай хүн байх нь хамаагүй. Муу Хужаа. Хужаа гэдэг үг нь ч буруу утгаар хэрэглэгдэж байгаа үг шүү дээ. Суурьшсан иргэн буюу цагаач буюу местный гэсэн утгатай үг л дээ. Prejudice буюу тухайн хүнийг мэдэхгүй байж урьдчилан дүгнэхийн хамгийн тод жишээ. Хятад хүн л бол балиар дотуур тамиртай, муу хүн.

Энэ сэдэвт хамаарч магадгүй миний өөр нэг бодол бол Үндэсний бахархал (Pride). Энэ дээд талд бичсэн шиг бахархал биш л дээ. Надаас дээшээ долоо найм дахь үеийн хүнийг төрөөгүй байхад болсон явдлаар би онгирч цээжээ дэлдэж чадахгүй боловч одоо болж байгаа үйл явдлуудаар би онгирч бахархах дуртай. Өнгөрсөн олимпыг жишээ болгон авах би дуртай. Угаасаа өнгөрснөө харж амьдарна гэвэл утгагүй. Үлгэрлээд хэлэх юм бол, хойноо үлдсэн замаа хараад явж байвал урдаа юу байгааг харахгүй байх магадлалтай гэх юм уу? Миний өвөг дээдэс Хятадыг дарлаж байсан гээд би одоо хятад хүнийг дээрэлхэх гэдэг бол яавч эрүүл хүний хийх хэрэг биш.

Нэлээн хэдэн жилийн өмнө би нэг найзтайгаа маргалдаж билээ. Би тэр үед өөрийгөө үндэсэрхэг үзэлтэй гэж боддог байсан болохоор ихэнхи хүмүүсийн адил Хятад хүн бол муу хүн гэсэн стандарт тохиргоотой байлаа. Бидний маргаан хятадын нэг айл нэг хүүхэд гэдэг бодлогын тухай ярианаас эхэлсэн юм. Манай тэр найз тэр бодлогыг хүн амынхаа өсөлтийг тогтвортой бага байлгах гэсэн бодлого гэж үзэхээсээ илүүтэйгээр дэлхийн нөөц, баялаг ашиглалтад ашиг тустай бодлого учраас дэлхийн улсууд бараг бүгд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байлаа. Тэгээд надаас яагаад Хятадуудад дургүй шалтгаанаа хэлэхийг хүсэхэд надад яг тэр гээд хэлчих зүйл алга байсан нь намайг өөрийг гайхуулсан юм. Ер нь би generally лаг good guy болохоор хэн нэгнийг шалтгаангүйгээр үзэн ядаж байгаа маань надад таалагдсангүй. Энэ маргаанд хэн ялж төгссөн нь ойлгомжтой тул цаашаагаа дурьдада хэрэггүй байх.

Британийн эрдэмтэн Стифен Хоукинг гээд нэг нөхөр байна аа. Тэргэнцэр дээр сууж явдаг хүнд өвчтэй бараг хамаг биеийнх нь мэдрэл байхгүй болсон хүн юм байна. Тэр нөхөр сансар судлалын хүрээнд маш их нэр хүндтэй юм байна лээ. Хүн төрөлхтөний ирээдүйн тухай бас их сонин бодолтой хүн юм.

I believe that life on Earth is at an ever-increasing risk of being wiped out by a disaster such as sudden nuclear war, a genetically engineered virus, or other dangers. I think the human race has no future if it doesn't go into space. I therefore want to encourage public interest in space. http://en.wikipedia.org/wiki/Stephen_Hawking#Mankind.27s_future_in_space

Нээх аятайхан юм бичих санаатай эхэлсэн блог маань энд тэндэхийн том том асуудлаас өм цөм хазаад тавьсан аятай юм болчихлоо. Дараа сонирхол, зав хоёр давхацвал үргэлжлүүлж бичихээс.

Тэр дээр нэг улс төрийн тухай бичих гэж оролдсон хэсэг дээр уул нь Монголын төрийн бодлого энэ тэр гэж бичих гэж байсан юм. Тэгээд одоо цагт толгойтой болгон л төрийн бодлого буруу байна, мөнгө аль гэж бичих болсон болохоор тэр санаагаа орхисон.

2 comments:

Unknown said...

Prejudice гэдэг үгний гүн утгыг задалж тайлах гэж гүүглдэж яваад таны блог руу орж ирлээ. Уг нь бодууштай зүйлсийг уншууртай сайхан зүйлс бичсэн байна. Даанч жаахан өм цөм хазсан гэдэг шиг замдаа бага зэрэг ийш тийшээ үсччихэж. Ер нь судалгаа хийгээд, нухацтай суурьтай суугаад бичвэл нэлээн тулхтай сайн бичих бололтой. Энэ сэдвээрээ дахиад блог бичиж болох уу. Гэхдээ яг нэг шугамаа барьж аваад сайхан гаргалгаа гаргаад, яавал энэ өрөөсгөл явуу нэг талыг барьсан бурангуй үзэл, үнэмшил, хандлагыг арилгаж, ангижруулж, эерэгээр эргүүлж, хүмүүст ялангуяа залуус зөв ойлголт төлөвшил өгч болох тухай. Баярлалаа.

Anonymous said...

Жэйн Эйр? Жэйн Остины зохиол шүү дээ хэхэ