Tuesday, November 19, 2019

OK boomer!

Сүүлийн үед нэлээн түгээмэл хэрэглэгдэх болсон хэлцүүдийн нэг “OK boomer” гэдгээс үүдэн энэ бичвэрийг сийрүүлж байна аа. Сэтгэлгээ нь хоцрогдож хуучирсан, бусдыг ойлгох чадваргүй, голдуу ахмад үеийн нөхдийг шоглож шинэ үеийнхэн ийнхүү хэлдэг болсон байна. "Өвгөцүүлтэй яриад байх юм алга" гэсэн л утга юм уу даа. Жаахан доромж тал руугаа. Ямар үеийнхэн нь ямар үеийнхнээ шоолоод байгаа юм бэ? гэсэн асуултын дагуу гүүглдээд иймэрхүү мэдээлэл олсноо та бүхэнд бас хэрэг болуужин хэмээн ийнхүү хуваалцаж байна аа. Ер нь ч барууны хэвлэл мэдээлэлд энэ нэр томъёог түгээмэл хэрэглэдэг болсон тул товчхон ч атугай ийнхүү мэдээлэл өгсү.

Ерөнхийдөө барууныхныг доорх маягаар 7 үе болгон хувааж үзээд байгаа юм байна.

- Алдуул үе (The Lost Generation)
- Аугаа үе (The Greatest Generation)
- Аниргүй үе (The Silent Generation)
- Хүүхдийн давалгааныхан (Baby Boomers)
- Икс үе (Generation X)
- Мянганыхан (Generation Y, Millenials)
- Зэт үе (Generation Z, Gen Z)



Алдуул үе
Энэ үе нь Дэлхийн 1-р дайны дараа эхэлсэн үе. Алдуул гэдэг нь дайнаас амьд гарсан улс нийтээрээ дайны дараа “баримжаа үгүй, төөрсөн, хандах зүг чиггүй” байсан учраас бөөн эргэлзээ, балмагдлын дунд байсан гэсэн утгаараа оноосон нэр юм байна. 1920-иод оны үед Парист оршин сууж асан америкийн зохиолчид, урлагийнхан тухайн үеийг хоорондоо ийнхүү нэрлэн ярилцдаг байснаас үүдэн энэ нэршил тогтсон байна. Ялангуяа Эрнст Хэмингуэй 1926 оны “Нар бас мандав” романдаа “Та бүхэн бүгд алдуул үе” гэж бичсэнээр түгээмэл хэрэглэгдэх болсон байна. Энэ үеийнхэнд нь ихэвчлэн 1883-1900 оны хооронд төрсөн улсыг хамардаг. Хамгийн эцсийн төлөөлөгч нь болох Наби Тажима гэж хүн 2018 оны 4-р сарын 21-нд өөд болсноор уг үеийнхэн бүрэн дуусчээ.

Аугаа үе
Аугаа үеийнхэн нь 1900-аад оны эхнээс 1920-иод оны дунд болон сүүл хавь хүртэлх үеийг хамардаг. Энэ үеийг бас G.I. Generation (G.I. гэдэг нь G.I. of G.I. буюу Government Issue and General Issue гэсэн утгатай Америкийн цэргийнхний хэлц юм байна), Дэлхийн 2-р дайны үе гэхчлэн хэлдэг байна. Аугаа үеийнхэн бол Дэлхийн 2-р дайны шууд оролцогчид, мөн Америкийн их хямралын хүндийг үүрэгчид байжээ. Аугаа үеийнхэн гэдэг нэршил нь 1998 онд Америкийн сэтгүүлч Том Брокавын нийтлүүлсэн номын нэрээс эхтэй юм. Тус номд энэ үеийнхнийг Их хямрал, 2-р дайны үед насанд хүрцгээсэн ба нэр алдарт гарахын тулд биш хийх ёстой зөв юмны төлөө тулалдаж байсан хэмээн тодорхойлжээ. Тэдний үед радио, телефон зэрэг технологийн үсрэнгүй хөгжлүүд явагдсан ба хүмүүсийн тэгш бус орлого, эдийн засгийн хөгжил цэцэглэлт ч бас явагдсан байна.

Аниргүй үе
Энэ үед 1920-иод оны төгсгөлөөс 1940-өөд оны эхэн хавийнхан хамаарна. Энэ үеийн залуусаас гол цөм нь бүрдэж асан МакКарти ерөнхийлөгчийн үеийн залуус аливаа зүйлийг эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлэхээс ихээхэн айдаг байсан гэдэг. Аниргүй хэмээх нэршил нь яг хаанаас үүсэлтэй нь төдийлөн тодорхой биш бөгөөд хамгийн анх Time сэтгүүлийн 1951 оны 11-р сарын 5-ны дугаарын “Залуу үеийнхэн” хэмээх нийтлэлд “аниргүй үеийнхэн” гэсэн нэр томъёог ашигласан байна. Энэ үеийнхэн Солонгосын дайнд оролцсон гэдгээрээ тодорхойлогддог. Мөн энэ үеийн төлөөлөгчдийн тоо харьцангуй цөөн байдаг нь өмнөх том дайнууд, хямралаас болж айлууд цөөн хүүхэдтэй байдгаас болсон байна. Энэ үеийнхнийг бас “Азтай” гэж нэрлэх явдал байдаг гэнэ. Яагаад гэвэл яг дайн, хямралуудын дараа эдийн засаг сэргэж эхэлж байх үед насанд хүрч таарцгаасан болохоор. Мөн тэднийг Барууны ертөнц, Америк улсыг өөд нь татсан үеийнхэн гэж үздэг зарим улс ч бий гэнэ.

Хүүхдийн давалгааныхан
Манайхаар бол “Алтан гахай жилийнхэн” гэсэн ч болох юм уу. Нөхдийг 1946-1964 онуудын хооронд төрсөн улс бүрдүүлдэг байна. Баруун Европ, Хойд Америкийнханд бол энэ үе нь дайны дараах төрийн тусламжийн үрээр байр сууц, боловсрол мэдлэгээр түлхүү хангагдаж таарсан тул нэлээн эрх ямбатай үе гэгдэцгээдэг. Өмнөх үеийнхнээсээ биеийн эрүүл мэнд, идэвх зүтгэлээр хавьгүй илүү бөгөөд дэлхий дахины байдлыг цагийн эрхээр сайжирна гэсэн бат итгэлтэй өсөж торницгоосон. Энэ үед орлогын хэмжээ оргилдоо хүрсэн тул хүнс, хувцас хэрэглэл нэн арвин байсны хажуугаар тэтгэврийн, “дунд насны хямралын” гэх мэт дагуур бүтээгдэхүүнүүд хүртэл түгээмэл болж байсан. Өөрсдийгөө өмнөх болон дараагийн үеүдээсээ тэс өөр, онцгой үе гэж үзэх хандлагатай. (OK boomer!)

Икс үе
За энэ үеийнхэн нь болбаас 1960-аад оны дундаас 1980-аад оны дунд хүртэлх улсыг хамардаг юм байна аа. Үүнийг сийрүүлэгч би бол яг энэ үеийн хүн болж таарч байгаа юм. Нийгмийн үнэт зүйлс ихээр шилжин өөрчлөгдөж байх үед хүүхэд нас нь тохиож таарсан үе бөгөөд гэр бүл салалт газар авч, гэрээс гадуур хүүхэд асрах үйлчилгээ төдийлөн түгээгүй байсан учраас жирэмсэн эмэгтэйчүүд ихээр хөдөлмөр эрхэлж байсан үе юм. Залуу насандаа “МТВ үеийнхэн” гэгдэж байсан. 1990-ээд оны үеэр эднийг биеэ оторлогчид, их мэдэгчид, ойворгон улс гэхчлэн гоочлох явдал их байжээ. Икс үеийнхний соёл урлагт үзүүлсэн гол нөлөө нь бол гранж рок, хип хоп хөгжмүүд, мөн инди кинонууд. (яг энэ мөрийг бичиж байхдаа Гүү Гүү Доллс хамтлагийн Айрис дууг сонсож суулаа) Харин судалгаагаар тэднийг дунд насандаа ирээд нэлээн идэвхтэй, ажил амьдралын тэнцвэрийг гайгүй сайн олсон улс байна гэдгийг тогтоосон байна. Бизнест овоо нүдтэй улс гэж энэ үеийнхнийг тодорхойлжээ.

Мянганыхан
Мянганыхан буюу заримдаа Игрэг үеийнхэн гэгдэх үе нь Икс болон Зэт үеийнхний дунд талын нөхөд юм аа. 1980-аад оны эхэн хэсгээс 90-ээд оны сүүл шинэ мянганы эхэн хавийнхныг энэ бүлэгт хамаатуулан тоолдог ба нийтээр 1981-1996 оныхныг мянганыхан гэж үзэх нь түгээмэл ажээ. Тэднийг заримдаа “давалгааныхны цуурай” гэх ба энэ нь юуны өмнө тухайн үед төрөлтийн зэрэг огцом ихэссэнээс болсон, бас нөгөөтэйгүүр хүүхдийн давалгааны үеийнхний хүүхдүүд гэдгээрээ ч бас ийнхүү нэрлэгддэг. Энэ үеийнхний түгээмэл шинж нь яг мэдээллийн технологийн эрин үед насанд хүрч таараад, элдэв тоон технологи, нийгмийн цахим сүлжээг төвөггүй хэрэглэж чаддагт оршино. Энэ үеийнхнийг бас “Би үеийнхэн” гэж тодорхойлох нь бий. Биеэ ихэд тоох, ихэрхүү нарциссист зан авир түгээмэл гаргадаг болохоор тэр гэнэ.

Зэт үе
Товчлоод ЖэнЗи гэж дууддаг. Ерөнхийдөө 1990-ээд оны сүүлээр төрсөн улсыг энэ үеийнхэн гэж үзэж байгаа. Маш залуугаасаа тоон технологи, интернэт, нийгмийн цахим сүлжээг ашиглаж сурсан гэхчлэн энэ үеийг тодорхойлдог. Экономист сэтгүүлд энэ үеийнхнийг өмнөх үеүдээс илүү их сурч боловсорсон, илүү зан сайтайн дээр илүү стресс, сэтгэл гутралтай хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ дээр бичсэн бүхэн Баруун Европ болон Хойд Америкийнхнийг ерөнхийд нь томъёолсон үеүд бөгөөд эхний хэд нь манай монголчуудын хувьд төдийлөн хамааралгүй байх магадлалтай. Гэхдээ Мянганыхан юм уу эсвэл Икс үеийнхнээс эхлээд угаасаа дэлхий хавтгайраад явчихсан учраас нэлээн дөхөмцүү байж мэдэх юм шиг санагдлаа. Яахав дэлгэрүүлж унших сонирхолтой хүмүүс эх сурвалжаас нь орж харна биз.

Энэ бичсэнтэйгээ холбоод сонирхуулахад нэг нийтлэл дээр яг одоо Хонконгод өрнөж байгаа тэмцлийн утга учрыг тус хотын удирдлагын дээд түвшинд байгаа улс огт ойлгохгүй, сэтгэл нийлэхгүй харин ч гайхаад байгааг нь энэ үеийн ялгаагаар тайлбарласан байна билээ. Нийтлэлд өгүүлснээр бол удирдлагад байгаа нөхөд давалгааныхан бөгөөд тэмцэгчдийн гол цөмийнхөн нь мянганыхан буюу миллениалууд байгаа юм. Сонирхсон улс энэ талаар нэмж уншиж болно.

Википедиагийн энэ нийтлэл дээрээс хураангуйлан бантагнасан Цогоо
https://en.wikipedia.org/wiki/Generation

Зургийг өөрөө үйлдэв.

No comments: