Monday, May 13, 2019

“АЛСУУР ДАЯЛЖ АНХНЫ ЗОРИЛГОДОО ХӨТЛӨХҮЙ” ГЭДЭГ МЭХ ХЭРЭГЛЭСЭН МИНЬ

Миний биеийг захиран зарцуулах эрхтэй гэрийн ерөнхий сайдаас гадна нэг Атамантай хүн билээ. Өрхийн тэргүүн хэмээх бэлэгдлийн чанартай цол төдий гэдгийг манай гэр бүл доторх удирдлагын тогтолцоо яв цав харуулдгийг хааяа бодож гүн санаа алдах явдал мэр сэр бий. Гэхдээ удирдлагын тогтолцооны энэхүү гажуудлаас болоод үүрэг нөлөө нойл зааж байгаа юу гэвэл бас үгүй юм. Жишээлэхэд, би вээр Атаманы төрөл бүрийн боловсролын асуудалд хөндлөнгийн болон дотоодын аудитын үүргийг давхар хаших ба хааяа сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч ч хийх нь бий. (мэдэж байгаа, тогтолцооны гажуудал, системийн завхрал, ашиг сонирхлын зөрчил бүгд байгаа)

Сүүлийн үед коачинг, менторинг гэх болсон арга хэмжээг Атаманы а гэж анх дугарсан үеэс хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Гэхдээ энэ арга хэмжээ зөв хэрэгжсэн үедээ хүлээн авагч нь коач буюу ментороосоо өөрийн амьдралд хэрэгтэй зөвлөгөө, сэтгэл санааны дэмжлэг авдаг бол минийх шал эсрэгээрээ билээ. Юу гэвэл, би түүнийг мэндлэнгүүт өөрийн хамсаатан болгох атгаг төлөвлөгөө шууд боловсруулсан юм. Уншсан ном, үзсэн киногоо сэтгэл сэргэтэл чөлөөтэй ярьж суудаг хамсаатантай болсноор гэр бүл доторх миний байр суурь өндөр байх болно гэж тооцоолсон хэрэг л дээ.

Одоо ингээд 8-9 жилийн мастер төлөвлөгөөний хэрэгжиж байгаа байдлыг харахад дуртай зүйл бүр дээр нь дөрөөлж тэр чиглэлийн гайгүй шиг кинонуудыг санал болгон хамт үзэх замаар ерөнхийдөө нэлээн амжилт олоод байгаа. Цаашдаа ч энэ эрчээрээ гайгүй сайн явах боломжтой гэсэн хэтийн төлөв харагдаж байна.

Хэрхэн хэрэгжүүлэв ээ хэмээвээс.
Эхний ээлжинд дада дүдү гээд байж байх үед нь хурц тод өнгөтэй, хөгжүүн хөхиүн дуу хууртай кинонууд үзүүлэх. Энэ үед киног дуу хууртай байж болдог гэдгийг таниулах зориулалттай тул болж өгвөл өөрийн дуртай кинонуудыг үзүүлэх хэрэгтэй. Бас өөрийн дуртай дуунуудыг сонсгож чихэнд нь дасгавал зохино. Кино болон хөгжмийн сонголт хийх эрх надад байсан тул энэ үе шат их амархан байсан.

Хамаг ухаан уралдуулах үе шат нөхрийн гарт зурагтын удирдлага очсон үед тохионо. Өмнөх үе шатандаа бэлтгэл ажиллагааг маш сайн хийсэн бол энэ үе тийм ч хэцүү биш. Өөрөөр нь сонголт хийлгэж байгаа мэт харагдуулах хэрэгтэй. Хоёр юм уу гурван киног санал болгож алийг нь үзэх хүсэлтэй байгааг байнга асууж бай. Ер нь бол нөхрийг сонголтоо өөрөө хийж байна гэсэн сэтгэгдэлтэй л явуулах хэрэгтэй. Манайхны сонгууль шиг л. Сонголтыг нь харин өөрөө бэлдэж өгнө. Ер нь бол эхэн үед аль болох өргөн хүрээтэй явуулах хэрэгтэй. Юу хүсч байгааг нь өгч байгаа мэт харагдахаар. Миний хувьд дуу хөгжмийн тал дээр голдуу өөрийн дуртай дуу хуурыг сонсгож байсан ба цаг үедээ хит болж байгаа орчин үеийн дуунуудаас аль болох зайлсхийхийг хичээсэн. Өөрөө том болохоороо тэртэй тэргүй сонсох байх гэж бодож явдаг тул аль болох хөгжмийн мэдрэмж суулгах болов уу гэж бодсон дуу хуурт гол анхаарлаа хандуулсан. Рок дуунууд, поп дуунууд аль алийг нь л сонсгож байсны ачаар одоо аавын дуртай гэх тодотголтой дуунуудыг дагаад сонсдог болсон. Кэйпопыг бол ерөөсөө шууд хорио цээрт оруулсан. Хүмүүс нь гоё ганган, дууны ая, бүжгийн хөдөлгөөн нь энгийн бөгөөд дагаад аялахуйц байдаг тул хүмүүсийг амархан урхиддаг. Тиймээс бүр огт сонсгох хэрэггүй. “Аав та яагаад Солонгосуудад дургүй байдаг юм бэ?” гэж асуусан удаа бий. Тэр үед нь зохих үнэн тайлбарыг өгсөн болно.

Киноны хувьд өөрийн айконик гэж бодсон хэд хэдэн сонгодог бүтээлүүдийг насанд нь тохируулаад үзүүлсээр ирсэн ба одоо миний атаман суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг үгийг 4 секундэд бүтэн хэлж чаддаг болсон. Миний урхидах үндсэн аргуудын нэг бол нэг кинон дээр гардаг өөр нэг киноны тухай хэсэгт ач холбогдол өгч нөхрийг анзааруулах. Жишээ болгон хэлэхэд, Мэри Поппинсыг зүгээр шууд үзүүлэх гэж оролдоход анхандаа тийм ч дуртай байгаагүй. Хуучны кино байна гээд. Тэгэхээр нь Марвелийн “Галактикийн хамгаалагчид” киноны хоёрдугаар ангийг үзүүллээ. Ёонду тэнгэрээс бууж ирж байхад нь “Чи яг Мэри Поппинс шиг харагдаж байна” гэдэг хэсэг дээр би зориуд өргөлт өгөв. “Нээрээ яг Мэри Поппинс шиг байна шүү” гэж атаманд сонсогдохуйц хэлэхэд нөхрийн сонирхол хөдөлж юун хүн болохыг лавлахад нь би Ютүб дээрээс өмнө нь хайж бэлдсэн байсан бичлэгийг үзүүллээ. Суперкалифражилистикэкспиалидошиус гэдэг дууг үзүүлэнгээ түүнийг багадаа энэ үгийг хэлж чадахгүй супадош гэж хэлж байсныг нь сануулж шарыг нь жаахан малтав. Галактикийн хамгаалагч нарыг үзэж дуусаад шууд Мэри Поппинсыг үзэх хүсэлт ирэв. Би ч үүнд бас бэлдээд хамгийн гоё блүрэй бичлэгтэйг татаж авсан байсан тул шууд үзүүллээ. Ингээд манай атаман 2019 оны 2 дугаар сарын 14-нийг тэсэн ядан хүлээж эхэлсэн юм даа. Эмили Блантын тоглосон хоёрдугаар анги нь энэ өдөр нээлтээ хийнэ гэдгийг өөрөө гүүглдэж олж мэдсэн юм. Ер нь миний хэлсэн юмнуудыг давхар гүүглдэж, юүтүбдэж шалгадаг зуршилтай болсон байгааг нь би их сайшааж байгаа. Кино хэлэхээр заавал трэйлерийг нь шалгана.



Хамгийн сүүлийн амжилт гэвэл Студио Гиблид орууллаа. Анх хоёр жилийн өмнө Мононокэ гүнжийг шууд үзүүлэх гэж оролдоход “хэлийг нь ойлгохгүй” хэмээн эрс эсэргүүцэж байсан тул би түр хойш тавиад байсан билээ. Сүүлийн үед нөхөр атаман хайр дурлалын сэдэвтэй кино болон номыг нэн хүчтэй сонирхох болсонтой холбогдуулаад ойрмогхон гарсан Чиний нэр... хэмээх хөөрхөн хүүхэлдэйг үзүүлж хорхойг нь хөдөлгөв. Нихон хэлээр нь яриулаад, англи орчуулгыг дэлгэцийн доогуур урсгах маягаар. Ер нь өөрөө нэтфликсээс голцуу ингэж үзэж дассан болохоор Гиблийд оруулах цаг нь болсон гэж үзсэн хэрэг л дээ. Чиний нэрийн дараа шууд Мононокэ гүнжийг үзүүлсэн. Ер нь хүчирхэг эмэгтэйчүүдтэй кинонд дуртай нөхөр юм байгаам. Тэгээд тэндээс үргэлжлүүлээд Понё, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ, Ховлын нүүдэг шилтгээн, Чихиро энэ тэр гээд дамжиж өгсөөн. Арай л Гэрэлт цохнуудын булш руу оруулчихаагүй. Уйлуулдаг кино үзэх үү гэхэд яахын гэхээр нь тэгээд больсон. Гэхдээ ямар ч байсан “Япон хүүхэлдэй үзье л даа” гэдэг болсоон.

Анх атаманы бичиг үсэг тайлагдаагүй байдалд хязгаарлагдаад сүүдэр ший, дуу хуурт түлхүү анхаарч ажиллахдаа ном уншлагыг орхигдуулсан нэг том алдаа буй. Энэ алдааг ойрын үед шаргуу засах зорилгоор түүний дуртай кинонуудын нэг болох Харри Поттерын бүрэн цувралыг англи хэлээр бэлдсэн ба Монгол нь хараахан гарч дуусаагүй. Бөгжний эзний Хоббитыг бас аваад хажууд нь тавьчихсан. Силмариллион, Бөгжний эзэн зэргийг бол цагийн явцад авахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор уншихад хэлний бэрхшээл их гарах байх гэж бодож байгаа юм. Ер нь нэг их хүчлэхгүй ч ном уншаарай гэж үе үе дугарсхийгээд л байж байна.

Зургийн эх сурвалж: https://www.theguardian.com/film/2018/nov/23/mary-poppins-why-we-need-a-spoonful-of-sugar-more-than-ever

No comments: