Monday, May 03, 2010

Арсеналын тухай

Улирлын сүүлийн тоглолтууд аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр тохиож байгаа нь аль нэг багийн фэнүүд ялалтын баярыг тэмдэглэхэд бас сайхан шалтаг болох байх аа. Улирал дуусахад бас нэг улирал эхэлдэг. Энэ бол солилцоо наймааны улирал юм. Сонин хэвлэлүүдийн спортын булан хариуцсан сэтгүүлчид байж болох бүх наймааг ургуулан бодож тэр багийн тэрнийг тэр багийнхан тэдэн саяар авах тухай гэрээ хэлцэл хийж байгаа тухай бичиж сониныхоо борлуулалтыг өсгөнө. Тэр сонинг нь худалдаж авсан тэр багийн фэн зайлуул хоосон горьдлого тээж зуныг үдээд наймаа хийгдээгүй тухай мэдээг есөн сарын нэгний өглөө мэдээд хагартлаа уурлаж менежерээ огцроосой гэж хараана.

Ийм улирал болгонд франц үндэстэй болон хэлтэй бүхий л тоглогч нар Арсеналд ирэх гэж байгаа мэтээр яригддаг. Хьюго Ллорис гэдэг франц хаалгачийг манайх авах гэж байгаа юм байх аа. Шалтгаан нь тодорхой манай нэг болон хоёр дугаарын хаалгач нар хангалттай биш. Тэгээд ч Ллорис бол францын шигшээгийн хаалгач.

Барсагийн эсрэг Мануэль Алмуниагийн тоглолт ямар байсныг бүгд харсан. Эхний тоглолтын эхний хорин хэдэн минутыг л хэлж байна. Гайхамшигтай хаалтуудыг хийж Барсаг зогсоож байсан. Одоо мань хүнийг явуулах тухай бүгд ярьж байна. Магадгүй явуулж ч болох юм. Яагаад гэвэл Вэнгэр нэгэн цагт Леманныг гэмтэлтэй гэж суулгаж байсан шигээ Алмуниаг суулгаж, Алмуниагийг адил Фабианскийг гаргах болсон. Фабиански нь ч хөөрхий бас нэлээн том том алдаа хийгээд амжсан гэж байгаа. Портогийн талбай дээр хийсэн эхний тоглолтын үед гэнэхэн гэмээр алдаа хийж гоол бэлэглэсэн. Сүүлд төрсөн өдрөөрөө цохиод гаргачих бөмбөгийг барих гэж байх хүний толгой дээр цохиж өөрийн хаалганд гоол алдсан. Фабианскийн хувьд би түүнд боломж олгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэд хэдэн тоглолт дараалаад амжилттай тоглочих юм бол цаашаагаа өөрөө сайжраад л явчихна. Угаасаа хаалгачийн байрлал хамгийн хэцүү байрлал. Өөртөө итгэх итгэл хамгийн чухал хүчин зүйл болдог.

Арсэн Вэнгэр энэ улиралд 3-4 тоглогч авч магадгүй тухай цуу яваад эхэлчихэж. Мэдээж Силвэстрийг үлдэнэ гэж хэн ч тооцоолохгүй байгаа дээр нь Галласыг явлаа гэж тооцоход ядаж л хоёр хамгаалагч ирэх нь тодорхой шахуу байгаа юм байна. Харин довтолгооны хэсэгт Маруайн Шамах гэдэг нэр нэлээн өндөр хувьтай магадлалтай сонсогдоод байгаа. Мань эр ирлээ гэхэд Эдуардогийн байр хэцүүдлээ гэж ярьж байгаа. Гэхдээ өнгөрч буй болон өнгөрсөн улирлуудыг харах юм бол манай довтлогчдоос бүтэн улирал гэмтэлгүй тоглох магадлалтай хүмүүс ховорхон байгаа юм. Тэгээд ч эдгээр цуу яриануудад итгэх юм бол явуулах гэж байгаа хүнийхээ гэрээг сунгах шаардлага байсан ч юм уу даа.

Улирлын эхэнд Арсеналыг аваргын төлөө өрсөлдөөнд орно гэж бодож байсан хүмүүс маш цөөхөн байсан. Манчестер Сити Арабуудынхаа буянаар бараг лигит түрүүлэх мэтээр бичигдэж байсны дээр өнгөрсөн улирлын Ливерпүүлийн форм Премьер лигийн түрүүг бараг 185 хувийн магадлалтайгаар тэдэнд өгч байсан билээ. Арсенал эгнээнээсээ хэдий муу нэртэй ч тун боломжийн довтлогч байсан Эммануэль Адебаёр, олон жил үнэнчээр зүтгэсэн хамгаалагч Коло Турэ нарыг МанСитид зарсан нь манайхныг өрсөлдөөнөөс хасах нэг том шалтаг болсон. Турэгийн оронд Аяаксаас нэг шавилхан белги залууг авчирсан нь бас л баахан хэл ам дагуулсан.

Арсэн Вэнгэр ирснээсээ хойш 2004 он хүртэл жил болгон эхний хоёр байрны аль нэгэнд байнга бичигддэг байснаа сүүлийн хэдэн жилд эхний 4-т зоолттой байхаас гадна арван хэдэн жил дараалан европт амжилттай тоглох болсон нь шинэ үеийн Арсеналын фэнүүдийн хүлээлтийг өндөрт өргөж орхисон билээ. Тэртээ 1960-аад оноос Арсеналыг дэмжиж ирсэн дэмжигчдээс одоогийн Арсеналыг асуух юм бол жаргалтай сайхан байгаа тухайгаа хэлэх байх. Арван хэдэн жил аваргын цом өргөлгүй явсаар байсан багаа 1989 онд аваргын цом өргөхөд бараг анх удаагаа багаа цом өргөхийг харж байсан хүмүүс олон л байдаг байх даа.

3 comments:

Javkhlan said...

Arsenal ug ni sain bag gehdee yagaad amjilt gargadaggui oilgodoggui yum. turshlag muu, zaluu toglogchidtoi gej omooroh hun baivch suuliin uied bodood baihad turshaga olj avahaar hangalttai hugatsaa ongorloo shuu dee. jil bolgon l avarguudiin liged deeguur togloj baina.

Javkhlan said...

Harin ter sonin setguuliin huvid unen shuu. uneheer hunii setgeleer togloj chadaj baigaam shuu.

Цогоо said...

Арсенал сайн сайн.