Wednesday, January 12, 2022

Тамхи гэснээс,

 Тамхи гэснээс, би нэг удаа тамхинд оръё гэж шийдэж билээ. Зургаа мургаад л байсан санагдана. Ангийн тамхи татдаг хүүхдүүд л нэлээн күүл санагдаад дуурайх гэсэн юм уу даа. Аав ээж хоёр хоёулаа тамхи татдаггүй мөртөө гэрт нэг блок тамхи байгаад л байдаг байсан юм. Тэндээс нэг хайрцгийг авч задлаад жорлонд орж сууж байгаад бүгдийг нь угсруулаад татчихаж билээ. Дотор муухайрч, толгой эргэж байсан ч гэсэн гүрийсээр дуусгах үед миний тамхичны карьер бас дууссан бололтой байдаг. Уушгилж татдаг техник байдаг энэ тэрийг нь мэддэггүй зүгээр л сороод үлээгээд байсан юм шиг байгаа юм. Уушгилж үзсэн бол тэгээд үхчих байсан биз. Оюутан байхдаа архины даруулга болгож ганц хоёр л сорж байснаас бусдаар ерөөсөө тамхинд дурлалгүй өдий хүрлээ дээ.

Wednesday, January 05, 2022

Дархан бэрийн тухай

Энэ постыг хараад бичсэн пост

https://www.facebook.com/ZolzayaBatkhuyag/posts/pfbid0tm4YNJPyh8XCnNYeVhr1aYAx5TofLx9T9sVHijTiPYhvz8on5dQeJnHY9eTDPgmAl

***

Уг нь тухайн айлын дотоод асуудал, хувь хүмүүсийн хоорондын харьцаанд л тусгалаа олох учиртай гэж бодож явдаг нэг монгол ёс ингээд замаа алдаж байгааг харах онцгүй л байна. Бэр хадмын харьцааны тухай янз бүрээр зөндөө л ярьдаг. Шинэ ирсэн бэр дасан зохицож, тэр айлын хүн болох хүртлээ их хугацаа, их дарамт туулдаг нь яах аргагүй үнэн. Тэр явцыг хурдасгадаг нэг явдал энэ бэр дархлах ёс гэж би боддог юм. Дархан бэрийн хүүхэд болохоороо би мэдэж байна л даа. Авгууд маань ээжийг анх ирэхэд нь их хатуу байсан гэлцдэг юм. Нэлээн консерватив үзэл хүмүүжилтэй баруун монгол айлд харьцангуй либерал хүмүүжилтэй Улаанбаатарын бэр дасан зохицох гэж удах нь ойлгомжтой. Аав ээж хоёрын хайр дурлалын түүх энэ тэр гэсэн өөр бас бус асуудлууд ч байсан. Ганцаараа уйлаад л суудаг байлаа гэж сүүлд ярьж байсан. Гурван хүүтэй болсны дараа хөгшин аав бүүр зориуд гэрийн бүх хүмүүсийг байлгаж байгаад ээжийг дархан бэр болгож ёслосон гэдэг юм. “Манай том бэр одоо дархан болсон, үүнээс хойш айлгаж ичээж дээрэлхэж болохгүй” энэ тэр гэсэн анхааруулга маягийн юм уу даа. Одоо бол ээж хадмуудаа бүрэн байлдан дагуулсан хүн. Дархан бэр болохоороо ч биш угаасаа байгаа хүн нь тийм дайчин махруу болохоор хүмүүсийг татдаг. Гэхдээ “Дархан бэр” гэж хөгшин ааваар хүндлүүлсэн нь тухайн үедээ их нэмэр болсон байх гэж бодож явдаг юм.
Хүмүүс сүүлийн хэдэн жил “Дархан бэр гэж юу байсан юм? Ялгалаа, гадуурхлаа” гэхчлэн эсэргүүцээд байгаад би эмзэглэж явдаг. Энэ цол ээжийн хэцүү үед нэмэр болсон гэж боддог болохоор цаашдаа нэг иймэрхүү туйлширсан маргааны ээлжит сэдэв болж замхраад хэний ч хүндэлдэггүй нэг тийм булчирхай шиг юм болчих вий гэж харамсаж явдаг. Гэр бүл доторх иймэрхүү нарийн харьцааг сум орон нутгийн захиргаанаас өргөмжлөл олгоод шийднэ гэж ч юу байх вэ. Тэгээд бүүр журам мурам ч гаргасан байх шиг. Арай дэндүү байна аа.

Wednesday, December 15, 2021

Гоё хүүхэн гудамжаар алхаж явав.

 Гоё хүүхэн гудамжаар алхаж явав. Урин налархай хөдөлгөөнийг нөхөр нь нүд жартайлган ажиж суухыг гэргий нь анзаармагц нөхөр хэлрүүн:

- Хайр аа, энэ хүүхний өмссөн байгаа нь эртээд миний хайрын авъя гээд байсан гуталтай их адилхан юм уу даа? Чамд бол илүү гоё харагдхаар юм байна шүү.
- Хн. Чиний наад нүд гэж. Шал өөр гутал байхад. Тэр чинь арай өөр загвартай байсан.
- Сонин юм даа, яг л мөн юм шиг харагдсан даа. Алив ахиад сайн хараадахъя. – гэгээд нөхөр түрүүний хүүхнийг араас нь бүүр сайн харж авав. Гутлыг нь шүү, гутлыг нь.
“Амьдрах ухаан” сургалтын төвөөс залуу нөхрүүдэд зориулсан сургалтын материал дээрээс...

Thursday, December 09, 2021

Өглөө ажилдаа явж байгаад

 Өглөө ажилдаа явж байгаад гэрэл дохион дээр зогсож таарав. Эхлээд нэг бүсгүй хоёр гараа халаасандаа шургуулчихсан зам хөндлөн гарч байна. Араас нь өөр нэг залуу нэлээн сүүлдэж бараг гэрэл солигдхын алдтай мөн л халаасандаа гараа хийсэн чигтээ хөнгөн шогшоод гарч байх юм. Тэр залуу, бүсгүй хоёр хоорондоо хамааралтай үгүйг мэдэхгүй ч ингэж гүйх осолтой байдаг юм даа хэмээн бодсоор ногоон гэрлээрээ цааш явав.

Тэртээ хоёр мянга хэдэн оны хавар юм уу даа би ШУТИС-ийн оюутан байлаа. Угаасан цэвэр хувцас нь дуусчхаараа костюм пиджакаа гаргаж өмсдөг зарим нэг найзыгаа бодвол би сайн дураараа гоонж өмсдөг сүрхий хүүхэд байв. Тэр найзынхаа тухай ярих гээгүй юм. Намайг костюм пиджак өмсөж ирэхээр их сургуулийн ангийнхан маань хэрэндээ хөл болж, бас хөөрхөн тэмдэглэдэг байсныг ч ярих гээгүй байна л даа. Хавар гээд эхэлж байсан даа, тэр нэг хавар ШУТИС-ийн нэгдүгээр байрны тэндээс Багшийн дээд рүү маягтай хөнгөхөн шогшиж явав. Залуучуудын холбооны байр өнгөрөөд Спортын ордон эхэлдгийн тэнд цагаан газар дээр айхтар бүдэрдэг юм даа. Хөп гээд л гараараа тулангуутаа "бардам зангаас минь өөр шалбарсан юм алга даа" гэсэншүү юм бодох маягтай шалавхан босч ирээд алгаа гөвж байтал хажуу талаас сийгээд явчихдаг юм. Гайхаад хартал хайран сайхан брюкэн өмд минь урин хаврын сэвшээ салхинд улс Монголын минь далбаа аятай дэрвэлзтэл намирч байх нь тэр. Халаасанд байсан гар тэндээсээ сугарч гарахдаа ташаанаас нарийн шилбэ хүртэл оёдлоор нь цуу татаад явчихсан юм байж л дээ. Пүү чёрт ёстой нүд боллоо доо. Багшийн дээдэд байсан найзынхаа байранд яаж ийж очоод оёулсан байдаг ч бил үү, эсвэл шууд гүлдийж 13 номерын автобусаар Шархад харьж очоод аргалсан байдаг ч бил үү, ямартаа ч тэндээс хойшх кадр байдаггүй юм. Их ичсэн дурсамжийг албаар арилгасан байх магадлалтай л даа. Хашир хөөн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэдэгчлэн түрүүний тэр хөнгөхөн шогшиж явсан залуу, түүний өмнөхөн явсан бүсгүй хоёрыг "Халаасандаа хоёр гараа шургуулчхаад гүйх ч нэг их ухаалаг үйлдэл биш дээ" гэсэн бодлоор харж сууснаас үүдэлтэй ийм нэг дурсамж сэдэрснийг нөхөдтэй хуваалцав. Та бүгдийн өнөөдрийн ажил бүтэмжтэй байг ээ.

Wednesday, December 08, 2021

ГЭМ, ЗЭМ

 Буковскийн шүлгийг давалгаалж байгаа юм байна. Хэрэгт дуртай юм болохоор бас л дагаад намирчихлаа. Хааяа дутаж үзмээр л байдаг ч чаддаггүй юм аа.

***
бүтэлгүйтэж орхисныхоо дараа
Бетховэн сонсоод
хойноос нь мах шарж байгаад
хийх бүтээхдээ эргэж орох санаатай
яг л, муудалцаж салсан амрагаа
эргээд хайрлахтай ижил ч юм уу
бүтээх үйлдэхийг хаячхаагүй юм аа
харин жаахан орхисон төдий.
эргүүлж авах нь уу намайг?
нөгөө ертөнцийн үүдийг онголзуулаад л
нөхөр Достоевский, рулет нааддаг байж
Мөрийч, магадгүй бусад номуудаа ч
тэгсээр бичиж гүйцээгээ биз.
мөрийтэй тоглож, зовлоо гээд
бүтээл туурвих ёстой гэж
би лав хэлэхгүй.
бүтээлийг тэгж хийх ёстой гэсэн
барьцтай арга ч гэж хаа байхав.
тойруулга руу яах ч гэж явав даа,
тоймгүй олон бусад юмсыг яах ч гэж хийв дээ.
эргээд харахад бүгдээрээ л хоосон чалчаа үгс төдий,
тийм биз?
авираад гарах дараагийн уул, дараагийн уналт
ахиад зөндөө хүлээж буй.
бохирсон хөлөө тэнийлгэж босоод
алив дараагийнх руу явцгаая!
ай тэр Достоевский, айхтар гөлөг байж шүү.
***
2021.12.08